Бурханы урлалын оронд бууж суусан нь

  Хуаси тосгоноос өглөө эртлэн автобусаар 50 орчим минут явсны дараа бид Үүси хотод ирлээ. Үүси хотын Линшан уулан дах Да Фү буюу Их Будда –г үзэхээр зорьсон боловч хөтөч маань замаа мэдэхгүйн улмаас төөрч нэлээд явлаа. Ингээд үдээс хойш Линшан уулан дах Их Буддаг арай гэж олж очлоо. Азаар холоос харахад илт сүндэрлэн харагдаж байсан юм.

     Тус хүрээлэнгийн хаалгаар ороход нэг л амар амирлингуйн мэдрэмж аяндаа төрж, дээр нь "Ум мааний бад ми хум" хэмээх маанийг аялгуулан дуулах дуун, хүрхрээний шоржигнон урсах чимээг сонсоход сэтгэлд нэн таатай агаад дотно.

     Цаашлаад алхахад бяцхан усан оргилууртай тааралдлаа. Хажуу дах тайлбарыг ньуншвал "Сэтгэл ариусгагч цөөрөм" хэмээн бичжээ. Түүний усаар нүүр гараа угаавал сэтгэл доторх хамаг уйтгар гуниг, атаа хорсол гэх мэт сөрөг мэдрэмжүүд биеэс арилж ариусах ажээ. Бидний хэдэн хүмүүс халуун бүгчим байсныг хэлэх үү, бүгд л тэр усаар нүүр гараа угаалаа. Тэгтэл үнэхээр сэрүү татаад сэтгэл нэг л хөнгөрөөд ирэх шиг боллоо шүү.

      Сэтгэл ариусгагч цөөрөм Энд хүмүүс хамгийн их цугларч байсан газар бол олон хүүхдүүдийг өвөр дээрээ тоглуулж, эрхлүүлж буй бурхны цутгамал, манайхаар бол Энх Амгалан хааны зэс цутгамал. Яаж ч байсан уурлахгүй, байнга инээмсэглэх бурханд хүүхдүүд ялангуяа маш их дуртай. Намайг бага байхад бараг Монгол айл болгон хоймортоо ийм дүрстэй шаазан бурханыг залдаг байж билээ.

      Ингээд цааш алхтал Шигжамуни бурхны гэгээн дүр болоод түүний ид шид, шүтэн бишрэгчид, атаат дайснуудыг нэгэн хавтгайд дүрсэлсэн зэс цутгамал аргагүй анхаарлыг татна. Эндээс үзэгчдэд бурхны шашны талаар ойлголт авахаас гадна зэс цутгамлын урлагийн нарийн сайхныг биширч болно.

      Дахиад цаашаа явахад бидний гол зорилтот обьект болох Их будда нүдний өмнө төв байдалтайгаар сүндэрлэн харагдана. Түүний нийт өндөр нь 88 метр, нийт 700 тн зэсний цутгамал орсон байна. Харахад үнэхээр сүрдмээр. Ёстой нөгөө эрхэмсэг оршихуй гэдэг чухам үүнийг л хэлэх байх даа.


Да Фу буюу Их Будда

      Хүмүүсийн дунд ийм нэгэн яриа байдаг ажээ, "Бурхны гарт нь хүрвэл буян эдэлнэ, хөлийг нь тэвэрвэл амар амгаланг олно "гэж. Тийм ч учраас бүгд л амар амгаланг олох гэж Их будда руу тэмүүлцгээн өөр хоорондоо чихцэлдэнэ.

      Ингээд амар амгаланг олцгоосон гийчид доошоо уруудсаар Фан гунг хэмээх ордонд ойртон ирцгээв. Гаднаас нь харахад католик эсвэл ислам шашинтны сүм гэмээр нэг бол хааны ордон ч гэж хэлмээр.


Фан гун ордон

      Түүх сөхвөл 2006 оны 12 сард Хятадын урлаг, барилга архитектур, гар урлал, соёл судлал, Буддын шашны зүтгэлтэн зэрэг 60 гаруй томоохон зүтгэлтнүүд хуран цугларан нэлээд нухацтай ярилцсаны эцэст Хятадын орчин цагийн буддын шашны соёл урлагийн үзэсгэлэн буюу Фан гунг байгуулах шийдвэрийг гаргасан байна. Ингээд 2008 онд уг ордонг байгуулжээ. Хаалгаар оронгуут хүн бүрт хөлдөө углах даавуун углааш тарааж өгнө. Ордонд цаашаа нэвтрэхэд нэгэн том цагаан зааны хаш чулуун сийлбэр угтана. Үүнийг Бирм улсад захиалгаар хийлгүүлжээ. Цагаан өнгийн хаш заан нь Буддын шашинд бурхныг төлөөлдөг эрхэм зүйл ажгуу.


Цагаан өнгийн хаш заан

      Цааш явбал өргөн цэлгэр талбай, том том гантиган багана, дээш харвал Буддын шашны гол гол үйл явдлуудыг алтлаг өнгөөр уран сайхнаар дүрсэлсэн нь бидний хэдэн нөхдийн нүдийг аргагүй бүлтийлгэлээ.

      Тэр олон нарийн урлал бүхий шашны холбогдолтой зураг хөрөг, өндөр сүрлэг нууцлаг байдлыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Яг л нэг Италийн Ромын эртний сүмийн уран барилга дотор ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа.

      Миний хувьд амьдралдаа анх удаа ийм гоё тансаг тэгээд зөөлөн дулаан уур ам ьсгалтай орчинд орж ирж байна. Ёстой л материаллаг ертөнцөөс тасраад диваажинд байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.

      Эндээс Хятадын Буддын шашин төдийгүй барилга архитектур, модон сийлбэр, чулуун сийлбэр, хашин сийлбэрийн урлагийн нарийн нягт хийцийг бас мэдэрч болно.

      Барилгын бас нэг онцлог нь гэрэлтэй боловч гэрлийн дэнлүүг олж харахгүй, энэ нь бас энэхүү уран барилгын дизайы онцлогбайна. Энэхүү нарийн гар урлалын хийцийг хийхэд мянга гаруй гар урчуудыг дайчилсан байна. Ингээд Фан гун ордныг үргэлжлүүлэн үзэх гэсэн боловч цаг хугацаа давчуугаас аргагүйн эрхэнд буцсан юм.

      Ийм сайхан шашин, соёл урлагийн агуу бүтээлийг өөрийн биеэр үзвэл "Зуун удаа сонссоноос нэг удаа үзсэн нь дээр" гэх үгийн жинхэнэ утгыг биеэрээ мэдрэх болно гэдгийг таньд амалж байна.

Мэдээл лийг Б.Мөнхтуул