Монгол, Хятад аль салбарт хамтрах вэ?

Айлчлалын хүрээнд ямар гэрээ, хэлцэл байгуулагдах вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлалаа эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг угтах ёслол Чингис хааны талбайд 16.00 цагт болно. Үүний дараа 16.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ дууссаны дараа буюу 17.45 цагт хоёр улсын хооронд хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно. Урьдчилсан байдлаар хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй хэлэлцээр зурагдана гэсэн мэдээлэл бий. Үүн дотор транзит тээврийг хөгжүүлэх асуудал багтаж байна. Далайд гарцгүй Монгол орны хувьд транзит тээврийг хөгжүүлэх асуудлыг өмнөд хөршийн тусламжтайгаар шийдэх болж буй нь ойрын 20 жилийн хөгжлийг тодорхойлох боломж аж. Хэлэлцээ зурагдсанаар БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх нээгдэнэ. Ингэснээр гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох бололцоо бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа 2013 онд 5.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 3.7 тэрбум нь Монгол Улсын экспортод гаргасан бүтээгдэхүүн эзэлсэн бол 1.7 тэрбум ам.долларыг импортын бүтээгдэхүүн эзэлжээ. Мөн нийт экспортын 90 шахам хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн гэсэн мэдээлэл байна.

Монгол, Хятад аль салбарт хамтрах вэ?Монгол, Хятад аль салбарт хамтрах вэ?Монгол, Хятад аль салбарт хамтрах вэ?

 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах бас нэгэн чухал гэрээний нэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нарын хоёр улсын "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протокол юм.  Хятад улсад Монгол Улсын 40 орчим иргэн ял эдэлж байгаа ажээ. Тэднийг эх оронд нь авчрах бололцоо энэхүү гэрээний хүрээнд тавигдана.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлалын үеэр эхлэл нь тавигдсан олон ажил биеллээ олох учиртай. Дээрх айчлалын хүрээнд хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталж байжээ. Ингэснээр Монголд дараах хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

 

Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш экспортолно

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн уул уурхай, газрын тосны салбарт хоёр санамж бичигт гарын үсэг зуржээ. Түүгээр нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэн экспортлох, Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг тодорхойлсон байна.

Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулахад Хятадын Газрын тос, химийн "Синопек групп” корпорацитай хамтран ажиллана. Энэ үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгджээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрс олборлох шууд үр ашгаас гадна 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцөө ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурь тавихад чухал ач холбогдол өгнө гэж Монголын тал үзжээ.

20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс Хятадад нийлүүлнэ

Монголын нүүрс экспортлогчдыг төлөөлж "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Тавантолгой" ХК, Хятадын "Шенхуа Энержи" компанитай 20 жилийн хугацаанд Хятадад нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг зурсан. Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр, ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэх юм.

 "Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ

Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ жил бүр өсч байгаатай холбоотойгоор Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Уул уурхайн яамны Газрын тосны газар, Хятадын "Петрочайна интернэйшнл” компанийн хооронд санамж бичиг байгуулжээ. Монгол Улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 автобензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон байдаг. Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ирэх сарын дундуур дуусах учраас дотоодын эрэлттэй уялдуулан урд хөршөөс авах шатахууны хэмжээг нэмэхээр тохиролцсон аж. Тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачина. Шатахууны нийлүүлэлтийг ийнхүү нэмснээр дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг олон эх үүсвэрээс хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээ авах бололцоотой болно гэж үзсэн байна.

Хятадын тал ачаа тээврийн боомтын төмөр зам барьж манайд хүлээлгэж өгнө

Хилийн төмөр зам барих асуудлаар хамтран ажиллахаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр Харилцан ойлголцлын хоёр санамж бичигт мөн гарын үсэг зуржээ. БНХАУ-ын төрийн өмчит "Шэнхуа групп корпораци”, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Энержи Ресурс” ХХК, "Тавантолгой” ХК-ийн төлөөлөл бүхий консорциум болон "Монголын төмөр зам” ТӨХК-иуд энэ ажилд хамтран оролцоно. Санамж бичгийн хүрээнд "Шэнхуа групп”-ээр ахлуулсан консерциум Монгол Улсын хилийн Гашуун сухайт боомтын өртөөг Хятадын Ганц модны хилийн боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж "Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгөх юм. Энэ дагуу Сүхбаатар аймагт нэг, Дорноговь аймагт нэг, Өмнөговь аймгаар хоёр боомт нэмэгдэнэ. 

 

Хилийн бүсэд нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ

"Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын талаас Иргэний нисэхийн захиргааны дарга Ли Жиа Шиан /Li Jia Xiang/ нар гарын үсэг зурсан байна. Хэлэлцээр байгуулснаар хилийн залгаа нутаг дэвсгэр, агаарын зайд аюулд нэрвэгдсэн, аюул тулгарсан агаарын хөлөг, хүнд үндэсний харъяалал, нийгмийн байдал, илрүүлсэн нөхцөл байдлыг үл харгалзан богино хугацаанд тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болсон байна. Түүнчлэн, иргэний нисэхийн олон улсын байгууллагын (ICAO) стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлнэ.

Хятад улсаас Монголд 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Айлчлалын хүрээнд "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрийн дагуу Хятад улсаас Монгол Улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх ба энэ хөрөнгийг хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцсон төслүүдийн санхүүжилтэд зарцуулахаар болсон байна.

    Монголд анхны шинжлэх ухааны парк байгуулна

Айлчлалын хүрээнд боловсрол, соёлын салбарт чухал алхмууд хийгджээ.Тодруулбал, Монголд анхны шинжлэх ухааны парк байгуулж, хөгжүүлэхэд туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, оюутан болон эрдэмтэн солилцоог дэмжих, хоёр талын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэ хамтын ажиллагаа чиглэжээ. Солилцооны тухайд, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу одоо жилд 300 оюутанг өмнөд хөршид сургадаг бол энэ тоог гурав дахин нэмэхээр болсон. Ингэснээр жилд 1000 оюутанг төрийн тэтгэлгээр сургах эрх зүйн боломж бүрджээ.


Previous Next
Top