“Луу”-гийн тэргүүн хатагтай

Хятад Улс шинэ Си Жинпин хэмээх төрийн тэргүүнтэй болоод удаагүй байхдаа гадаад албан айлчлалаа ОХУ-аас эхэлсэн. Сонирхолтой нь айлчлалын эхний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Внуково нисэх буудалд газардсан цагаас ноён Жинпин биш, харин эхнэр Пэн Лиюань олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн юм. Дэлхийн олон хэвлэл хоёр их гүрний төрийн тэргүүн нарын уулзалт ярианаас илүүтэйгээр Хятадын шинэ тэргүүн хатагтайн тухай бичжээ. Тансаг, чамин, загварлаг гэдэг үгс шинэ хатагтайн талаарх товчхон дүгнэлтүүд.

“Луу”-гийн тэргүүн хатагтай

 
 

Хятадын нэрт дуучин, эдүгээ 50 насны босгыг алхаж буй хатагтай Пэн Лиюань шинэ Хятадын имиж боллоо хэмээн дүгнэж, түүнийг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обаматай зүйрлэн бичиж байна. "Одоо бид улсын удирдагчдынхаа эхнэрээр бахархах цаг ирлээ. Хатагтай Пэн Лиюань Хятадын тэргүүн хатагтай нарын дүр төрхийг дэлхийн нийтийн өмнө өөрчилж өглөө” гэж Хятадын жирийн иргэд гадаадын сэтгүүлчдэд бахархан ярьж байна.

 

Хятадын өмнөх удирдагчид тэргүүн хатагтай нараа дагуулан төрийн том том айлчлал хийдэг байсан ч "нүд баясгах” хатагтай үнэндээ байсангүй. Удирдагчдын эхнэр ямагт олны нүднээс далд байж иржээ. Хэрэгт дуртай сэтгүүлчид хатагтай Пэн Лиюаний Москвад буухдаа өмссөн хар пальтотой ижил загварын пальтог цахим дэлгүүрээр 80 ам.доллараар худалдаж байгааг илрүүлсэн ч Хятадын "хариуцлагатай хянагчид” иймэрхүү мэдээлэл бүхий сайтыг эх газрын уншигчдад хүргэлгүй блоколсон байна. Мөн хатагтай Пэн-ий шүтэн бишрэгчдийн ажиллуулдаг нэг блогийг хаажээ. Энд Си Жинпин, хатагтай Пэн Лиюань нарын Москва болон Танзанийн нийслэл Дар Эс Салам /Си Жинпин ОХУ-ын айлчлалаа Африк тивд үргэлжлүүлсэн билээ/-д газардах үедээ онгоцноос бууж буй зургийг хоёр янзаар нийтэлсэн юм. Гэрэл зургийн эх хувь дээр хатагтай Пэн Лиюань цүнхээ гартаа барьсан байсан бол хоёр зураг дээр ноён Си эхнэрийнхээ цүнхийг барьсан байлаа. Энэ гэрэл зураг интернетэд тавигдсан даруйдаа Хятадын цахим ертөнцөд маш хурдан түгжээ. Шинэ тэргүүн хатагтайг ийнхүү анхаарч байгаа нь түүний урлагийн амьдралтай холбоотой.

 

“Луу”-гийн тэргүүн хатагтай

 

 

Тэр 18 настайгаасаа Хятадын Ардын чөлөөлөх армид дуучнаар ажиллаж эхэлжээ. Пэн урлагийн шатаар маш хурдан дээшилж, нэр алдар нь ч Хятадад түгэж байлаа. Хятадын хамгийн том тайзыг төдийгүй Нью Йоркийн Линкольнийн төв /2005/, Венийн дуурийн театрын тайзнаа /2008/ дуулжээ. Урлагийн амьдралаас гадна Пэн хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж, ДОХ болон ХДХВ-аар халдварласан хүүхдүүдийг энэрэн халамжилдаг. Хатагтай Пэн Лиюанийн хувцаслалт ихээхэн анхаарал татдаг тухай дээр өгүүлсэн. Москвад хатагтайн өмсч буусан хар пальто, гар цүнхийг Хятадад үйлдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүн хэмээн Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд бичиж байгаа ч үүнийг баталсан дизайнерийн тайлбар хийгдээгүй байна. Гэвч тансаг зэрэглэлийн хувцас, эдлэлийг төрийн өндөр албан тушаалынхан хэрэглэх нь жирийн иргэдэд авлигын мөнгөөр авчээ гэх сэтгэгдэл төрүүлэх тул зориуд сонгон авсан гэсэн тайлбарыг дагуулжээ. Хятад улс төрийн өндөр албаныхны авлигатай шийдвэртэй тэмцэхээ шинэ тэргүүн Си амлаад байгаа үед өндөр үнэтэй, дэлхийд нэртэй брэндийн хувцас, эд хэрэглэлтэйгээр олон нийтэд харагдах нь осолтой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

 

Пэн Лиюань 25 настайдаа 1987 онд Си Жинпинтэй гэрлэж, нэг охин төрүүлжээ. Охин нь одоо Харвардын их сургуульд суралцдаг. Ноён Си эхний эхнэрээсээ гэр бүлээ цуцлан Пэн Лиюаньтай гэрлэжээ. Нөхрөөсөө арван насаар дүү Пэн Лиюань түүний улс төрийн карьерийг өсгөхөд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг бөгөөд 2007 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Си бол миний л нөхөр байх хүн” хэмээн хэлсэн байдаг.

 

 

“Луу”-гийн тэргүүн хатагтай

“Луу”-гийн тэргүүн хатагтай

“Луу”-гийн тэргүүн хатагтай

 

 

Хятадын тэргүүн хатагтай Пөн Ли Юань Хятадын үндэсний алдартай дууриуд болох "Цагаан үст охин", "Мулан" зэрэг дуурийн гол дүрийг бүтээж байжээ. "Мулан" дуурийн гол дүрээр Нью-Йоркийн Линколиний төв театр, Венийн дуурийн театрт тоглолт хийж байжээ.