Ерөнхий сайд Хятадын даргад бараалхлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд энэ айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.
 


 

Мөн тэрээр, Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцаа шат ахин хөгжиж, улс хоорондын харилцааны дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхээр тохиролцон Хамтарсан тунхаглал болон Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанд баяртай байна гэлээ.

Монголын экспортын бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд татваргүй, квотгүй гаргах чиглэлд анхаарахыг Ерөнхий сайд хүслээ.

Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулах, эрчим хүч экспортлох талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналтай байна гэлээ. Хоёр орон эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Хятадын эрчим хүчний зөвлөл байгуулсан. Иим байнгын механизмтай болсон нь энэ чиглэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. БНХАУ манай улсын худалдааны том түнш. Хоёр тал дунд хугацаанд худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна гэлээ.

 


 

Монгол Улсын Ерөнхий сайдын тавьсан хамтын ажиллагааны талаарх бодиттой санал хүсэлтийг судалж, ажил хэрэг болгоход анхаарна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ. Монгол Улсын транзит тээврийг нэмэгдүүлэхэд манай орны далайн боомтыг ашиглахад бид хамтарч ажиллана. Энэ нь далайд гарцгүй танай орны хувьд чухал асуудал юм.

Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д илүү их хэмжээгээр авахад бид бэлэн байна.

Мөн Хятад улс Торгоны зам төслийг эхлүүлэхээр төлөвлөж буй энэ үед танай улс Талын зам төслийг санаачилсан байна. Торгоны зам, Талын замыг хэрхэн хослуулах талаар бид судалъя. Мөн Монгол Улсад  үндэсний үйлдвэрүүд байгуулагдахад ялангуяа, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх, өмнийн говийн төмөр замыг нарийн царигаар шийдсэн тохиолдолд энэ замыг барих, санхүүжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ.

 

 

 

 

Previous Next
Top