БНХАУ-ын дарга Си Жиньпин нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань болон дагалдан ирсэн төлөөлөгч нарынхаа хамт нутаг буцлаа.
 

 

 

 

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өргөтгөсөн хэлэлцээ хийж, мөн ганцаарчилсан уулзалт хийв. Талууд Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаанд хүрсэн хэмээн дүгнэж, уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан юм.

Мөн үүнтэй эн зэрэгцэн хоёр улсын Засгийн газар хоорондын 20 гаруй хэлэлцээр, санамж бичигт сайд, холбогдох газрын дарга нар гарын үсэг зурлаа. Үүний зэрэгцээ хувийн хэвшлүүд хамтран ажиллахаар болж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үндсэндээ айлчлалын цар хүрээ өргөн байж, Монгол Улсын хувьд олон жилийн турш шийдвэрлэж чадалгүй бэрхшээлтэй тулж ирсэн транзит тээвэр, түүний үнэ тарифыг хөнгөлүүлэх, далайн боомтоор дамжуулж бүтээгдэхүүнээ экспортлох таатай суурь тавигдлаа. Нүүрсийг гүн боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түүнийгээ экспортлох зэрэг хөгжил хурдасгах, илүү эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлсэн төсөл хөтөлбөрүүд мөн хэрэгжихээр болж байна. Хүмүүнлэгийн салбарт ч буцалтгүй тусламж хэрэгжинэ. Энэ хүрээнд таван жилийн хугацаанд 1000 оюутныг Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургана. Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд баригдах төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр баталгаажлаа. Түүнчлэн 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр, Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр тус, тус зурагдлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их хурал БНХАУ-ын даргад хүндэтгэл үзүүлж УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдууллаа. Хүндэтгэлийн чуулганд Си дарга үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар БНХАУ-ын даргад бараалхсан гээд үйл явдал арвин болж, айлчлал ч амжилттай өндөрлөлөө.

Айлчлал наймдугаар сарын 21-22-нд үргэлжиллээ. Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиосон түүхт жилүүдтэй давхацсанаараа онцлог байв.