Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзана

Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзанаИрэх арваннэгдүгээр сард Бээжин хотноо Ази номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ. Тэгвэл уулзалтын дараа АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд  биечлэн уулзаж, Өмнөд Хятадын тэнгист Хятадын баримталж буй бодлого хийгээд кибер аюулгүй байдлын талаар ярилцаж санал бодлоо солилцох аж.

Энэ тухай АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Роберт Ван өнгөрөгч лхагва гарагт Вашингтон хотноо зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Обама арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хоёр хоног Хятадын Бээжин хотноо үргэлжлэх Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны  талаар ярилцах аж. Түүнчлэн харилцан зөрүүтэй байр суурьтай байдаг асуудлуудыг ч гэсэн хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж байгаа юм байна.

Тухайлбал, Өмнөд Хятадын тэнгист тус улсын баримталж буй бодлого хийгээд кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар эдүгээ хүртэл гурван удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байсан юм. Шинэ харилцааг бий болгохыг эрмэлзэж буй хоёр орны төрийн тэргүүн дараагийн уулзалтаараа  ямар шийдэлд хүрэх нь олон улсын анхаарлын төвд байна. Хятадад төрийн айлчлал хийснийхээ дараа Ерөнхийлөгч Обама Мьянмар болон Австрали улсуудад айлчлах бөгөөд үүнийхээ дараа Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, G20 дээд хэмжээний уулзалтуудад оролцохоор төлөвлөж байгаа ажээ.