Хятад зардлаараа АНУ-ын дараа жагсав

 Хятад зардлаараа АНУ-ын дараа жагсав

Хятад улс 2014 оны батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын төсвөө нийтэд мэдээлжээ. Хятадын албаныхан батлан хамгаалахын салбарт 120 тэрбум ам.долларыг төсөвлөсөн гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс Хятадын батлан хамгаалахын зардал 145 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж буйгаа мэдэгджээ. Ийнхүү Хятад улс батлан хамгаалахын салбарын зардлаараа АНУ-ын дараа жагсаж байна. АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв өнгөрсөн 2013 онд 600 тэрбум ам.доллар байсан билээ.

 

АНУ-ын зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан болон бүс нутгийн тэнцвэртэй байдалд үндэслэн Бээжингийн эрх баригчдыг төлөвлөгөө, батлан хамгаалахын төсвийн мэдээллээ илүү нээлттэй болгохыг хүсэж буй аж. Вашингтон нь Бээжинг батлан хамгаалахын зардлын хэмжээгээ үргэлж дардаг гэж үздэг юм. Хятад улс өнгөрсөн жил батлан хамгаалахын салбартаа 135-215 тэрбум ам.долларыг зарцуулсан гэж АНУ дүгнэжээ. Пентагоноос мэдээлснээр Хятад нисгэгчгүй онгоц, байлдааны хөлгүүд, нисдэг тэрэг, пуужин зэрэг зэвсэглэлээ шинэчлэхэд батлан хамгаалахын салбарт төсөвлөсөн мөнгөнийхөө ихэнхийг зардаг аж.

 

Бээжин нь Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн багагүй нөөцтэй бүсийг эзэмшилдээ авахаар Азийн хөрш орнуудтайгаа маргаан дэгдээгээд байгаа билээ.