Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хотуудын нэг Манжуур.  Энэ л хотын үүх түүхийг  сөхөж ярьвал  чамгүй урт цаг хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг  Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй.  Харин 1896 онд Хятад-Оросын гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуурыг холбосон төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор  Манжуур өртөөг байгуулж байсан аж. Өдгөө Манжуур хот нь нийтдээ   732  хавтгай дөрвөлжин километр нутагтай  300,000 гаруй мянга гаруй хүн амтай. Хүн ам цөөтэй ч гэсэн энэ хот  БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай  боомт  газар. Зуу гаруй жилийн түүхтэй энэ хот сүүлийн үед хурдтай хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум, Үл хөдлөх хөрөнгө оруулалт 15 тэрбум, Орон нутгийн төсвийн орлого нь л гэхэд 2,12 тэрбум юаниар хэмжигдэж байна. Тус боомтын бараа эргэлт л гэхэл 70 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Зөвхөн энэ хотод 930 гадаад худалдааны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. ӨМӨЗО-ы Орос дахь импорт, экспортын бүтээгдэхүүний 80 хувь нь энэ боомтоор дамждаг бөгөөд Орос, Монгол, Япон, Солонгос, Тайвань зэрэг 40 гаруй улстай эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүхэнд "Евро-Азийг холбосон гол худалдааны зам” , "Азийн цонх”  хэмээн нэрлэгдсэн Манжуур хот Хятадын хамгийн том хуурай замын боомт гэдэг нь дээрх хэдхэн тооноос харагдана. Гэхдээ тус хотынхон хилийн боомтоо сахиж, тэндээс орлого орж ирэхийг хүлээж гараа хумхин зүгээр суухыг хүсэхгүй байна. Хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол улстай хил залгаа оршиж байгаа учраас газар зүйн давуу байдлаа ашиглан Манжуурыг аялал жуулчлалын бүс нутаг болгохыг хичээн, хөрөнгө мөнгө ч их зарцуулж байгаа аж.

Оросуудын халаасыг гүвдэг Орос хүүхэлдэй

Үнэхээр Манжуур очингуут орос нутагт хөл тавьсан мэт сэтгэгдэл төрөх нь бий. Эртний орос ардын үлгэрүүд бүхий зурагтай ном уншиж байгаа мэт нэг л өвөрмөц. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй орос загвар бүхий байшингууд... Тод хээ, угалз бүхий интерьер  засал,  орос дуу хөгжим... Энэ хотын өнгө төрхийг илтгэх байшин барилгуудад оросын соёл, зан заншлыг нэвт шингээж өгөхийг эрмэлздэг. Тиймээс байшин барилгуудын гэрэлтүүлэг, чимэглэл тун сайн. Манжуур хот шөнөдөө яг л үлгэрийн орон мэт тансаг харагдана. Худалдаа наймааны гол бүс нутаг болох Манжуур үслэг эдлэл, арьсан гутлаараа алдартай. Бас нэг сонирхолтой наймаа нь матрушка  хэмээх орос модон тоглоом. Оросууд өөрсдийнхөө үндэсний энэ тоглоомыг үнэ хайрлахгүй худалдаж авдаг аж.

Тиймээс ч Манжуурт дэлхийд цор ганц модон хүүхэлдэйн хотхонг байгуулжээ. Энэхүү хотхоны голд таван давхар  матрушка хэлбэртэй байшин байна. Түүний эргэн тойронд 100  гаруй том, жижиг матрушка. Энэ олон матрушка зүгээр нэг үзмэр төдий бус. Матрушка хэлбэртэй жижигхэн байшингуудад бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолыны цэгүүд  ажиллана. Оросууд өөрсдийнхөө

үндэсний тоглоом болох матрушкан хотхоныг Манжуурт үзэж, матрушка хэлбэртэй байшинд орж хоол идэж, зарим нь буудалд нь бууж, матрушкагаа худалдан авч, өмнө нь зургаа авахуулаад буцах нь жирийн үзэгдэл. Ер нь л энд ирсэн хүн бүр матрушкан хотхон руу заавал очдог аж. Аялал жуулчлал ид өрнөдөг 7-8-р сард Манжуурт зочид буудал олдохгүй сандаргаж,  хүүхэлдэйн хотхон хөл тавих зайгүй шахам болдог гэнэ.
Тиймээс өргөтгөл хийж зочид буудал, зоогийн газар бүхий  20 гаруй давхар өндөр  байшинг шинээр  барьж байна. Мэдээж энэ байшин бас л  матрушка хэлбэртэй байх юм. Матрушка хэлбэртэй энэ том байшин  ирэх онд ашиглалтанд орж, модон хүүхэлдэй хэлбэртэй, дэлхийн хамгийн том байшинг Манжуурт байгуулсан тухай мэдээллийг дэлхий нийтэд цацахаар тэд битүүхэндээ бэлтгэж сууна. Матрушкан хотхонтой хаяа дэрлээд Оросын алдартай том хөшөө дурсгалын жижиг хувилбаруудыг урлажээ. Гагарины хөшөөнөөс эхлээд агуу Петрийн хөшөө, Волгорадын хөшөөг ч эндээс үзэх боломжтой.

Орос Манжуурын хилийн боомт 24 цагаар ажиллаж, өдөр болгон орос руу онгоц, галт тэрэг явж, бас өдөрт зорчигч тээврийн 16 автобус орос, манжуурын  хооронд хөлхөж байдаг.  Тиймээс энд орос хоолны газар, орос барааны дэлгүүр, орос зочид буудал, орос дууны Karaoke, орос тайчигч охид хүртэл бий. Манжуурт орос хэл дээр бичигдсэн реклам чимэглэл хаа сайгүй гялалзаж,  Оросоор "Тавтай морил”, "Манай бараа хямдарсан”, "100-80 рублийн сайн чанартай бараа зарж байна”  гэсэн үгс дэлгүүр болгоны үүднээс сонсогдоно.  Ямар ч дэлгүүрт ороход худалдагч  нь тантай "Здравствуйте” хэмээн мэндлэсээр угтаж авна. Хариуд нь  оросоор мэндлэвэл чихэнд наалдац муутай, аялга ихтэй ч гэсэн оросоор ярьж, бараагаа рекламдаад л байх болно. Харин Монгол гэдгээ хэлбэл Өвөрмонголчууд инээд алдаад л угтана. Гэхдээ Монголчууд Манжуурт  харьцангуй цөөн ирдэг аж. Учир нь Дорнодын Чойбалсангаас Манжуур хүрэхийн тулд өдөржин машинаар  давхих хэрэг гарна. Сүүлийн үед Улаанбаатараас Хүннү айр компани Манжуур руу шууд  нислэг хийж байгаа ч онгоцны билет ховор, бас дээр нь өндөр үнэтэй, тохь тух муутай. Манжуурын цас, мөсний баярт оролцсон, бас гоо бүсгүйн тэмцээн үзэхээр ирсэн олон монголчууд нутаг буцахын тулд гурав дамжиж нисэхээс өөр аргагүй байдалд хүрч бухимдаж байсан.

Манжуурын Янаг амрагийн арал...

Манжуур эртний арслан зааны өлгий нутаг. Энэ нутгийн хөрсөн дороос хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Тиймээс Манжуур арслан зааны том хөшөө барьжээ.
Яг үүнтэй зэрэгцээд "Янаг амрагын арал” гэсэн сүртэй нэртэй хөшөө дурсгалын газрыг байгуулсан байх юм. Тэврэлдэж суугаа залуу хосуудын баримал...  Ойролцоогоор гурван давхар байшингийн хэмжээтэй энэхүү хөшөөний цаахан талд хуримын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг билэгдсэн том чулуун баримлууд бас бий. Сүүлийн үед хятад залуучууд бал сарын аялал их хийдэг, хуримын ойгоо тэмдэглэдэг болсон учраас тэдэнд зориулж зориуд ийм баримлуудыг барьсан гэнэ. Хуримаа хийсэн хосууд бал сарын аялалаараа Манжуурт ирсэн бол хамт амьдарсныхаа 10,20,30,40 жилийнхээ  ойг мөн л энд ирж тэмдэглэх учиртай гэнэ.  Аялал жуулчлалын тасралтгүй үргэлжлэх бодлого гэж үүнийг л хэлдэг бололтой.

Хамгийн олон  дэмжигчтэй миссүүд
Тус хот 300 гаруй мянган хүн амтай ч өнгөрсөн жил л гэхэд  таван сая жуулчин хүлээж авчээ. Энэ таван сая жуулчны 4,5 орчим сая нь дотоодын жуулчид бөгөөд зуны аялал жуулчлал маш сайн хөгжсөн газар. Тиймээс тэд гадны жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зарцуулж, том, том арга хэмжээг зохион байгуулдаг. Манжуурын нэрийг олон улсад гаргадаг брэнд гэж нэрлэж болохуйц том арга хэмжээнүүдийн  нэг нь  Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн.

Энэ жил 11 дэхь удаагаа зохион байгуулж байгаа Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор  Оросоос 28, Монголоос 15, Хятадаас 15-н  гоо бүсгүй иржээ. Анх "Цасан гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн нэртэй зохион байгуулагдаж байсан энэ тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, хятад орос, монголчуудын анхаарлыг татах болсоор багагүй удаж байна. Энэ тэмцээнд түрүүлсэн тэргүүн мисс гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм,  80,000 юань гардаж авдаг. Ер нь л Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголчууд хэдийнээс өнгөлсөөр иржээ. Нийтдээ 11 удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээний таван тэргүүн миссийн титмийг Монголчууд хүртсэн байх юм. Энэ жилийн миссийн тэмцээнд ч Монгол охид өнгөлөг жавхаалаг, үзэсгэлэн гоо гэдгээ батлаж, тэргүүн миссээр Намширын Ану тодорлоо. Монголоос 15 охин Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өрсөлдөж,  долоон охин 80,000-5000 юанийн  шагналыг хүртсэн юм.

Арав гаруй хоног үргэлжилсэн миссийн тэмцээний зохион байгуулалт сайн, басхүү тайзны гэрэлтүүлэг хөгжим гээд бүх зүйл тун содон. Уг нь энэхүү миссийн тэмцээнд хятадыг төлөөлж оролцох бүсгүйчүүдийг шалгаруулахын тулд Да Лянь хотод том миссийн тэмцээн зохион байгуулж, зүүн хойд, баруун хойд, умардын бүсээс 15 охиныг сонгож авсан гэнэ. Гэвч Манжуурын Олон Улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр хятадууд Монгол бүсгүйчүүдийг хамгийн их дэмжиж байлаа. Үнэхээр ч Монгол бүсгүйчүүд  алхаа гишгээ тайзны соёл, биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргээрээ  бусад орны бүсгүйчүүдээс илт давуу гэдгээ харуулж байлаа. 
Манжуурт амилсан үлгэрийн орон

Манжуур аялал жуулчлалын хот. Тус хот 2013 онд л гэхэд л гадаадын жуулчдаас 288 сая ам.доллар олж, нийт орлого нь дөрвөн тэрбум 390 сая юаньд хүрчээ. Гэхдээ л тэд олдог орлогоо улам нэмэхийг хүсэж байна.  "Орос, Монгол Хятад гурван улсын соёлыг багтаасан, хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгийг улам илүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.Тиймээс  Манжуур хотын захиргаа олон улсын анхаарлыг татсан долоон том бүтээгдэхүүн гаргахаар  чармайж байна” хэмээн бидэнд ярьж байсан. Тэрний нэг нь Олон улсын цас мөсний баяр. 

Гадаадын жуулчдыг татах зорилготой энэ баярт Манжуур хот эртнээс бэлтгэж эхэлдэг аж. Гаднаас ирэх зочдод зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том, том цасан байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэжээ.

Манжуурын ногоон паркад 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглан Мөсөн хотхоныг барьж байгуулахын тулд 48 хүн сар гаруй ажилласан гэж танилцуулж байсан юм. Үнэндээ үлгэрийн орон л ийм байдаг болов уу гэмээр том том мөсөн байгууламжуудыг босгожээ.Өнгө алагласан том хэрмэн хаалганы үүдэнд тэмээ унасан буриадууд зочдыг угтаж авч байсан юм. 

Тал нутгийн торгоны замыг билэгдэж энэ удаа цас мөснийхөө баярын нээлтэнд  тэмээчдийг урьсан нь энэ гэнэ. Мөсөн хотхоны голд цасаар урласан Чингэс хааны сүрлэг хөшөө  заларчээ. Тэнд  Монгол цаатны модон урцнаас эхлээд таван хошуу малын дүрс, үзэсгэлэн гоо Монгол бүсгүйг тун ч чамин урласан нь өөрийн эрхгүй хараа булааж байсан. Цас, мөсөн урлалыг  өнгө өнгийн гэрэлтүүлэг, чимэглэлтэй  хослуулж чадсан нь үнэхээр гайхалтай. Аварга том цас, мөсөн байгууламжуудыг  барихдаа орос, хятад, монгол гэсэн гурван сэдэвт хувааж, зохиомжоо гаргажээ.  Энд хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газрыг хүртэл цас мөсөөр урласан байсан. Мөн мөсөн дээр Хятадын уламжлалт завины уралдааныг зохион байгуулж, хятад, орос, монгол гурван улсын хүүхдүүдийн дунд хокейн олон улсын тэмцээнийг зохион байгуулсан юм.


Манжуур хотод Улаанбаатарын соёлын төв нээгдэнэ

Манжуурын Олон улсын цас мөсний баяр зүгээр нэг баяр, наадам төдий бус басхүү хамтын ажиллагаагаа өргөтгөх томоохон арга хэмжээнүүд энд зохиогдож,  гэрээ хэлэлцээр хийгдэж,  уулзалт ярилцлагууд болдог гэдгээрээ давуу талтай.  Гурван улсын аялал жуулчлал, худалдаа арилжаа, соёл урлагын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон уулзалт болж, Манжуур хот зочдын хөлд дарагддаг.
Энэ удаа "Монгол, Хятад, Орос гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хөгжил” сэдэвтэй томоохон уулзалтыг Өвөрмонголын аялал жуулчлалын газар, Манжуур хотын ардын засгийн газар хамтран зохион байгууллаа.  Тэд Торгоны зам, Цайны зам, Евро-Азийн төмөр зам, Талын зам зэрэг том төслүүдтэй уялдуулан Манжуур хот гурван улсыг холбосон гүүр болох зорилготой байгаа учраас хамтын ажилагаагаа шинэчлэх, хамтарсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй байгаагаа ярьж байсан юм. Мөн Нийслэлийн Соёл урлагын газрынхан энэ жил Манжуурын Олон улсын миссийн  тэмцээнд Монголоос оролцох бүсгүйчүүдийг шалгаруулж, Манжуурын талтай хамтран ажиллаж, бүхий л ажилд гар бие оролцжээ. Энэ үеэр Нийслэлийн соел урлагын газрын дарга Б.Батцэнгэл  Манжуурт Нийслэлийн соёлын төвийг байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжилсан бөгөөд Манжуурын намын хорооны дэд дарга байр гаргаж өгөхөөр амлаж байсан юм. Мөн Манжуурт Орос, Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Өнгөө нэмж, үүд хаалгаа нээж, гурван улсын аялал жуулчлалын бүс нутаг болох зорилготой байгаа Манжуурын засаг захиргаа гурван улсын сэтгүүлчдийг ч мөн хамтран ажиллахыг уриалж, хотын дарга нь өөрийн биеэр сэтгүүлч нарын уулзалтанд хүрэлцэн иржээ. Хэдий хил залгаа оршдог ч гэсэн гурван улсын сэтгүүчид анх удаагаа хамтран ажиллах талаар нэг ширээний ард сууж ярилцсан нь энэ. Өвөрмонголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Баянжаргал  тэргүүтэй хятадын олон сэтгүүлчид, мөн Улаан-Үдийн телевиз радиогийнхан, Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид энэ уулзалтанд оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн багийг ахлаж явсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэ үеэр "Орос, Монгол, Хятад гурван улсын сэтгүүлчдийн уулзалтыг ирэх онд  Хөлөнбуйр аймагт зохион байгуулах санал дэвшүүлж байлаа.