Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай
оронд тооцогдож буй Хятад улсын экспортын түвшин гурав дахь сардаа
үргэлжлэн буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар
экспорт жилийн өмнөх мөн үеэс долларт хөрвүүлсэн дүнгээр 2.5 хувиар,
юаньд хөрвүүлсэн дүнгээр 2.8 хувиар буурчээ. Дээрх хоёр дүн нь
ажиглагчдын таамаглаж байснаас өндөр байгаа хэдий ч импорт дахь уналт нь
үндэсний хэмжээнд аюул заналхийлж байгааг тэд онцолж байна. Импортын
хэмжээ долларын нөхцлөөр 17.6 хувь, юанийн нөхцлөөр 18.1 хувиар буурч,
долоо дахь сардаа үргэлжлэн буурч байгаа юм. GP Morgan-ний эдийн засагч
Жу Хайбиний мэдэгдсэнээр, уг судалгааны дүнгээр экспорт өсөлттэй байсан
ч, эдийн засаг нь засгийн газрын худалдааны өсөлтийн зорилттой тулгарч
байгаа аж.
"Импорт таамаглаж байснаас ч илүү тогтворгүй хэвээр байна. Харин
экспортын хувьд уналттай байсан ч нөхцөл байдал зүгээр. Энэ төрлийн
уналт бол жилийн жилд яригдаж байдаг асуудал. Харин гуравдугаар сард
гарсан уналтын дараа мэргэжилтнүүд хариу арга хэмжээ авч эхэлсэн. Энэ
жилийн хувьд засгийн газар худалдааны өсөлтийг 6 хувьд хүргэхээр зорьж
байгаа. Гэвч энэ нь импорт тогтворгүй байгаа энэ үед боломжгүй зүйл юм”
хэмээн ноён Хайбин Ройтерс агентлагт ярьжээ.