Хятадын талаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Хятадын талаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэӨМӨЗО-ны Бугат хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд "Монгол, Орос, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 11 дэх удаагийн нэгдсэн чуулган, форум”, "Бугатын машин механизмын хоёр дахь удаагийн үзэсгэлэн” зохион байгуулагдлаа. Бугат хот бол БНХАУ-ын хүнд машин механизм, гангийн үйлдвэрлэлийн төв, аж үйлдвэрийн хамгийн том хот гэдгээрээ алдартай юм.

 

Уг арга хэмжээнд Монголын  талаас МҮХАҮТ, тус танхимын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах зөвлөл, Аж үйлдвэрийн яам, БОНХАЖЯ-ны төлөөлөл, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн захиргаа, бизнес эрхлэгчид, үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж гээд нийтдээ 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

 

Хятад болон Оросын талаас 300 гаруй төлөөлөл оролцож, гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон хөрөнгө оруулалтын орчин,  хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжуудын талаар зөвлөлдлөө.

 

Энэхүү уулзалт, форум нь ОХУ-ын Уфа хотноо болсон гурван орны тэргүүнүүдийн уулзалтын дараа болж буйгаараа өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн Хятад, Орос, Монголын талын оролцогчид онцолж байв.

 

Форумын Монголын талын бэлтгэл ажлыг БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хангасан бөгөөд зөвлөлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийж, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо болон муж хотуудын салбар хороодын удирдлагатай уулзаж, цаашид Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна.

 

Зөвлөлийн зүгээс нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, Монголд хэрэгжих дэд бүтэц, үйлдвэрлэл, бизнесийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгон танилцуулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

Иймд тодорхой, томоохон төсөлдөө хөрөнгө оруулагч хайж байгаа манай бизнес эрхлэгчид ирэх наймдугаар сарын 15-наас өмнө тус зөвлөл /БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичиг Г.Жигжидсүрэнтэй 99080791 утсаар холбогдох/-д хандан, хамтран ажиллах боломжтой юм байна.

 

П.Наран


Previous Next
Top