8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулна

 8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулна

БНХАУ-ын Си Зинпин даргын санаачилсан "Нэг бүс Нэг зам” стратегийг хэрэгжүүлэхтэй холбогдон ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газраас зөвшөөрөл олгон, Эрээн хотын Ардын Засгийн Газар хилийн худалдааны бүсийг байгуулах төсөл хэрэгжиж байгаа юм байна. Төслийн үйл ажиллагаа 2014 оны наймдугаар сард эхэлж энэ онд багтан нэгдүгээр ээлжийн барилга байгууламжийг дуусгахаар төлөвлөсөн аж.

Эрээн хотыг Хятад улсын хойд зүгийн нээлттэй түшиц бүс нутаг болгох, боомтын хүчин чадлыг дээшлүүлэх, хилийн худалдааг өргөжүүлэх, боомтын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмрийг оруулна хэмээн үзэж буй ажээ. "Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийг энэ онд багтаан туршилтын үйл ажиллагааг явуулах ба бүтээн байгуулалт нийт 74000 м2 талбайг хамарч байгаа.

Хилийн худалдааны бүс нь худалдааны бүс, логистокийн үйлчилгээний бүс, агуулахын бүс, нэгдсэн цахим худалдааны платформ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, импорт экспортын барааны худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагааг голлон явуулах аж.

Мөн боловсронгуй, орчин үеийн хилийн худалдааны бүсийн удирдлагын системийг байгуулж "Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэн, хил гааль хорио цээрийн үйл ажиллагааг нэгтгэсэн хууль сахиулах хяналт шалгалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, боомтын хилийн иргэдийн худалдаа үйлчилгээний түвшин, логистикийн түвшин, бизнес, аялал жуулчлалын үйлчилгээний үүрэг чадавхийг дээшлүүлэн, хамгийн богино хугацаанд хамгийн бага өртөг зардлаар хилийн иргэдийн худалдааны бүсэд сайн чанарын үйчилгээгээр хангах юм байна.

"Хилийн иргэдийн худалдааны бүс” нь 26 м2 бүхий нийт 350 стенд, Монгол Улсад 150 стендийг өгөх ба зөвхөн МҮХАҮТ-ын зөвшөөрлөөр аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, бизнес эрхлэгчдийг оролцуулах ба нэг хүн нэг удаад 8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах эрхтэй аж. "Хилийн иргэдийн худалдааны бүс” байгуулагдсанаар Монгол Улсын бизнес эрхлэгчдэд БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах нээлттэй боломж гарч байгаа гэж үзжээ.