ӨМНӨД МОНГОЛЫН ҮҮД

 ӨМНӨД  МОНГОЛЫН ҮҮД
 

Б. Элбэгзаяа

/Аян замын тэмдэглэл/

Галт тэрэг хөдлөхдөө нэг их хүчтэй угзчаад, дотор нь яваа зорчигчдыг уулга алдтал дайвалзуулан аядсанаа зогсчихов уу хэмээлтэй нам болов. Тэгснээ, мэдэгдэхтэй үгүйтэй зөөлнөөр ган замаа мөрлөн, чимээ доргионыхоо хэмнэл давтлыг үүтгэн дорно зүг алгуур цувж эхэллээ.

Монголын маань илчит тэрэгний ааш аяг иймэрхүү билээ. Түүнд хаа нэг зорчих бид мэт нь бас ч сурч буй янзтай. Галт тэргээр барагтай бол аялдаггүй би бээр өмнөд хөршийг зорих аянд өдрийн од мэт аз тохион сэтгэл хөдлөн дөрөөлөхдөөн ийнхүү бүхээгт нь орж суухын цагт ая тухыг сая олдог билээ.

Монгол орон цаг тооллоо ухрааж өвлийн хуваарьт шилжсэний маргааш өглөө бидний хэдэн сэтгүүлч Замын-Үүдээр гарч, төдөлгүй хил гаалиар онцын саадгүй нэвтрээд Эрээн хотын "Солонгон хаалга”-наа хүрчихлээ. Өмнөд хөршийн үзэг үйлс нэгтэн нөхөд хэдийнэ ирээд унаа хөсөг зэхчихсэн байх агаад Дундад улс, Монгол хоёр орны гуч гаруй сэтгүүлч Хятад-Монгол-Орос гурван улсын "Эдийн засгийн коридор” бодлогын хүрээнд, хөрш хоёр орны энх цагийн үүд хаалга болсон боомтуудыг сурвалжлан танин мэдэх үндсэн зорилгод нэгдэн "Нэг бүс-нэг зам” уриан дор, бүтэн гаргийн турш аялан туулахад бэлэн болж буй нь энэ. Хятадын сэтгүүлчдийн багт Синхуа агентлаг, "Ард түмний өдрийн сонин”, "Хятадын өдрийн сонин”, "Хятадын мэдээ” агентлаг, Төвийн ардын радио, Өвөр Монголын радио, "Солонго” мэдээллийн төв, Өвөр Монголын "Одон” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн нөлөө бүхүй төлөөллүүд багтсан агаад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газрын дарга, бидний хуучин анд Баянжаргал абугайн ахалсан Хөххот, Бээжингийн баг Эрээн хотын хил гаалиар нэвтэрч буй монгол иргэдийн хөдөлгөөнийг сурвалжлан мэдээ сэлт, дүрс тайлбар бүрдүүлэхээс ажлаа эхэлжээ.

Харин Монгол Улсын хэвлэлийнхнийг МСНЭ, МҮОНТВ, Үндэсний радио, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хүмүүн бичиг” болон хятад хэлээрх "Монголын мэдээ” сонины сэтгүүлч, орчуулагчид, түүнчлэн Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн арав гаруй сэтгүүлч нийлээд хорь гаруй хүнээс бүрдсэн баг төлөөлсөн байв.

Эрээн хотод бидний үзэж харсан зүйлсээс сэтгэлийн утас хөдөлгөм ганц хоёр нь толгойд үлдэж хоцорсон байна. Нэг дэх нь, улсын хилээр нэвтэрч буй машин техникийг шалгадаг гаалийн "Рентген төв”. Хоёрхон жилийн өмнөөс нэвтрүүлсэн уг төвд манай монголоос өмнөд хөрш рүү тээвэр хийж буй "УАЗ-469” голдуу машин тэрэгнүүдийг багахан хоромд шалгаж өнгөрүүлдэг. Энэ төвийн байр байшин авсаархан, ердөө ганцхан дан барилга байна. Зохих газраа орж зогссон машин тэргийг тус төвд дөрвөн ч дэлгэцээр "задлан” харж бүрэн шинжилдэг байна. Цахим дэлгэцэн дээр уг машины эд ангийн дотоод бүтэц бүхүй л хэлхээ холбоогоороо нэвт цоо харагдана. Нуусан хаасан бүхнийг энд цахим мэдрэхүйн систем хоромхон зуур илрүүлж чадна. Рентген гэхийн учир ийм юм. Гаалийн энэ дэвшил нь хүний хүч хөдөлмөр, цаг зав хэмнэхийн сацуу гадаа ажиллаж, даарч хөрөх, халуунд халах мэтийн ахуйн бэрхшээлүүдийг нэгэнд түүх болгон хоцроожээ. Одоохондоо хуурай газрын боомт бүхэнд бүрдүүлж амжаагүй байгаа энэ технологи манай улсын шалган нэвтрүүлэхийн хурд хүч ямархан түвшинд явааг нэг талаас сануулж харьцуулах, нөгөө талдаа баяжихын мөн болсон энэ улс хөгжихийн тухайд олсон зөөснөө зөв зүйлд зарах ухааныг сэтгүүрдэн байх мэт.

Эрээн хотод "Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийг буй болгосон нь урьд өмнө байгаагүй шинэ зүйлийн нэг учир энд, үзэж харсан онцлог гэмээр зүйлийн хоёрдохоор цохон нэрлэж болох байна. Монголын бизнес эрхлэгчид энд татваргүйгээр худалдаа эрхлэх боломжтой. Нэг удаад хоёр сая юань хүртэлх үнэ бүхүй бараа бүтээгдэхүүнийг хураамжгүйгээр хил нэвтрүүлэх эрхтэй гэж холбогдох хүмүүс нь хэлж байлаа.

Боомт сурвалжлах чиглэл бүхүй сэтгүүлчдийн хамтарсан багийн аяны дараагийн зогсоол Өмнөд Монголын нийслэл Хөххот бүлгээ. Хөххот бол Монголоос мянга таван зуун бээр илүү газар юм. Өвөр Монголын дундах эл буурал хотод манайхтай харилцах хуурай газрын боомт байх боломж үгүй нь мэдээжийн доторх хэрэг. Тэгэхээр тэнд буй боомт нь агаарынх байж таарна. Хөххотын агаарын боомтыг "Цагаан суварга” хэмээх ялдам сайхан үгээр нэрлэдэг ажээ. Нэлээд хуучирсан боловч нислэгийн /Өмнөд Монголынхоор "нисхэлийн”/ үйлчилгээгээ тасралтгүй хангаж, холыг ойртуулж, хоёрыг уулзуулсаар өнөө хүрчээ. Хөххотноо олон улсын тээвэр зуучийн "Шарые ложистик парк” хэмээх төмөр замын ачаа тээврийн зангилаа ажиллаж, ган замаар урсан өнгөрөх ачаа эргэлтийн голыг нугалж, эх газрын гүн рүү нэвтрэх болоод Орос, Европ дахинаа гаргах Дундад улсын худалдааны тээвэр зуучийн чухал үүргийг өөртөө хамаарч байдаг. Бидэнд сонирхуулсан уг паркийн нэгэн том агуулахад гэхэд л БНХАУ-д үйлдвэрлэсэн, том жижиг янз бүрийн "савлагаатай” орчин үеийн нимгэн дэлгэц бүхүй зурагтыг хэдэн үе зэрэгцүүлэн хадгалсан нь бүхэл бүтэн байшингийн дайтай зай талбай эзэлж байв.

Бид Хөххотноо бас Өвөр Монголын "Цахим боомт”-ыг сурвалжилсан юм. Цахим боомт гэдэг зүйл манайд байдаггүй болохоор бидний үгийн санд ч энэ нэр өнөөхөндөө үгүй билээ. Хил гаалийн үйлчилгээг иж бүрнээр цахимжуулан, цаг хугацаа, орон зай, хөрөнгө санхүүг үлэмж хэмнэн, нэг цэгийн үйлчилгээ, удирдлагын зангилаа үүсгэснээ ийнхүү нэрийдэж, тодорхойлж байна. Өмнөд Монголын "Цахим боомт”-д оруут том танхимд цахим дэлгэц байрлуулсан, түүгээр Монгол Улстай хиллэж буй тус орны арван найман боомтын өдөр тутмын ажиллагааг шууд харуулж, боомтын бодлогын хөгжлийн талаарх тойм мэдээллийг дүрс, тоо баримтаар илтгэж байв. Энэ дашрамд дурдахад, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Боомтын албаны даргын тухайд хоёр нэг үг хэлэх нь уншигч абугай таныг уйдаахгүй гэдэгт найдна. Тус албаны даргыг Гүе Ган гэнэ. Тэрбээр Хөххотод биднийг хүлээн авч, "Суудлын хурал” хийн, дэлгэрэнгүй мэдээлэл түгээж, хоёр орны сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгч билээ. Гүе Ган дарга бол МУИС-д суралцаж төгссөн бөгөөд албаны хурлаа хятад хэлээрээ явуулж, завсар зайгаар нь бидэнтэй эх хэлээр маань төвөггүй харилцаж байлаа. Түүнийг бас Эрээн хотын даргаар ажиллаж байсан гэдгээр нь олон монгол хүн гадарлах болов уу. Боомт бол айл гэрээр юм бол үүд хаалга нь мөн. Тэгвэл өмнөд хөршдөө хөл тавих үүд хаалга болсон Боомтын албыг чухамхүү монголтой зузаан холбоотой энэ хүнээр удирдуулж эхэлсэн байна.

Дараа нь Хөххотоос хөдөөлсөн дөрөв дэх засаглалын багийнхан өрнө зүг хурдны замд нийлж, зүүн гар талд аж үйлдвэрийн хамгийн том Бугат хотыг хөвөөлөн, баруун гар талдаа хүрэн цоохор Даланхар уулыг бэллэн Баяннуур хотыг чиглэж явлаа. Энэ замд хятад улсын өөрийн үйлдвэрийн шинэхэн автомашинуудыг хоёр үелэн, цувуулан ачсан тээвэр байн байн тохиолдоно. Манайх шиг бусдын хуучин, элмэл голмолуудыг зөөхгүй, Өмнөд Монголын аль ч хотод очсон хятад хаяг шошготой машинаа хөлөглөж байдаг. Үүнийг бичигч, Хөххот, Бугат, Баяннуурын аль алинд нь хөл тавьж үзсэн нь сэтгүүлчийн ажил мэргэжлийн буян, монгол бичгийн маань хэшиг өглөг гэж болох юм.

Хоёр оны урьд, Баяннуур хотоос хойш гарч Урадын хойд хошуунд хүрч, зочлуун сайхан монгол ахан дүүстэй нүүр учран, бичиг соёлоороо бахархан, сэтгэлийн үзүүр нэгдэж явлаа. Тэгвэл энэ удаад биднийг Урадын дунд хошуунд хүргэх зорилго төлөвлөжээ. Үдшийн бүрүй бууж, наашлах тутам монгол газрын өнгө төрх тодосч, салхины илбээ долгио нь хүртэл адилсан, говь нутгийн хөрс шороог үнэртүүлсээр авай. Ийнхүү намрын дунд сарын өдрийн хууч, цагаан гэгээ тасрах цагаар Халиутад автобуснаас газардав. Халиут бол Урадын дундад хошууны төв нь юм. Намхавтар, даруухан барилгатай тус суурин эх газрын их гүрний умард хязгаар тулж ирснийг мэдрүүлнэ. Маргааш нь зуун гуч гаруй км аялаад Ганц мод боомтод ирэв. Тэнд хүрэх замын зуурт өмнөд монголын хөдөөх малчдын суурин, байшин гэрүүд уудам талын элгэнээ үе үехэн цайвалзан тодрох нь, урьд өмнө Шилийн голын Сайхан талаас нийслэл Хөххот хүрэх замын зуур хаа нэгтээ тааралддаг малчдын шавар саарал гэрүүдээс туйлын ялгамжтай санагдлаа. Хөх эмжээртэй тэдгээр цагаан орд өргөөд нь нүүдэлчин угсаатан гал голомтоо сахин, мал ахуйгаа адгуулан оршин буйг өөр зууртаа төдийгүй гадна дотнын хэн хүнд мэдүүлэх онцгой тэмдэг нь болно. Нүүдэлчний цагаан гэр эдүгээ хүмүүн төрөлхтний соёлын эрдэнэсийн санд данстай болсоон. Өртөө холоос цайвалзах хун цагаан гэрүүд газрын баримжаа, малын бэлчээрийн зах зааг, төөрсөн хүнд гэмээ нь хүн амьтны бараа, баяр ч болдог, өдөрчийн газраас өөрийгөө тодлон, айвуу тайван амьдрал энд үргэлжлэн буйг зааж өгдөг. Харин газрынхаа өнгөнөөс үл ялгагдам шавар гэр сууц нь тулж очиход л мэдэгдэх, үүрийн хяраа, үдшийн бүрийд бол "морь мал үргээж” мэдэх эд мэт. Баяннуурын малчдын амь амжиргаа нэр шигээ баялаг бийлэг болов уу гэж бодогдоно. Монголтой залгаа юм чинь арга байж уу гэж бас сэдхигдэнэ. Хошууны төвөөс боомт хүртэл аялахад замын энэтээ тэртээд намхан довцог дэнж хотос арлан өвөрлөн хонь мал цайран бэлчих нь сэтгэл тайтгаруулна. Адуу мал дэрстэй гол уруудан усандаа ирж, элсэн толгодын хунх нугаар тэмээ мал тааваараа бэлчсэн, хурж хэвтсэн дэлгээ зураг урлахад монголдоо яваагаас юуны ялгаа хэмээлтэй. Баяннуураас Ганц мод хүрэхэд нүд алдам тал, хааяа харлаж хүрэнтсэн байц цохио, цахир хадан аараг толгод, элстэй гүвээ ээлжлэн хязгаар нутгийн байгалийн онцлог, их говь хаяанд ирснийг илчилнэ. Манайд сан бол зээр, зэрэглээнээс өөр эзэн баймааргүй талынх нь уужимд цахилгаан үүсгүүрийн далбагар том, хаш цагаан сэнснүүд агаар зүсэн гурвалжилж, тэнгэр займчин хайчилж залхуурсан мэт аажуу эргэлдэн, өндөр хүчдэлийн шугамтай хоршино. Наагуур доогуур нь авто замын сүлжээ, тосон замтай үл тасалдан зэрэгцэж, төмөр шон хөллөсөн цахим сүлжээний утас, цахилгаан дамжуулах тор сүлжээ айлсан нийлсэн үзэгднэм.

Их үдийн хэрд Ганц мод боомтод бууцгаалаа. Тусгайлан зассан тавцан маягтай, тэрүүхэндээ өндөрлөг цэг дээр биднийг автобустай нь буулган боомтын төмөр замын зангилааг сонирхуулав. Хажуу дахь самбар дээр боомтын бүтээц хийц, үүрэг чиглэл сэлтийг томъёолсон загвар зураг хаджээ. Хэдийнээ энэ хилд хүргэж авчирсан төмөр зам нь бидний харж буй энэ зүүн доохно, цаад захынхыг нь тоолж боломгүй олон эгнээгээр үргэлжилсэн нь нүдэнд тусна. Хойшлоод, монголоос аваачсан нүүрсийг хадгалах хэд хэдэн томоохон торон хашаа бүхүй агуулахыг бүтээн байгуулж амжиж. Эдгээрийн багтаамж нийлээд хоёр мянган тонн-д хүрсэн гэнэ. Монголчуудын өвөр зуураа цуурхдагчлан эндээс хил гаталгасан нүүрсийг тэд газар ухан булж нууж хаадаггүй юм билээ. Холоос хүүхдийн тоглоом мэт харагдах энэ олон төмөр чингэлгээр дахин тээж зөөж, Тяньжины боомт хүртэл эх орны минь хар алт төмөр замаар зочилж, тэндээсээ эх газрын эрчим хүчний сүлжээнд нэгдэн түлш дулаан, илч энергид хувилж явдаг бололтой.

Ганц модны боомтоор, гэрээсээ гараад хажуу айлдаа орж буйгаас ялгамгүй амархан, үл мэдэгдэм байдлаар алхаад л хил нэвтэрчихлээ. Хоёр орны сэтгүүлчдэд боомтын бодит байдлыг зориудлан үзүүлж, түүгээрээ хөршүүдийн сая сая эгэл зоны нүд чихийг нээж байгаа болохоор аргагүй юм биз. Анх 1992 онд улирлын чанартай нээж, 2009 оноос байнгын ажиллагаатай болгосон Ганц модны боомтод, уг боомтын захиргааны гоёмсог ордон, хил гаалийн хорио цээрийн албаны өргөө, олон улсын бага сургууль-хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, бэлгэдэл цамхаг, монголчуудын бүтээгдэхүүний дэлгүүр мухлаг, ууш зоогийн болон дуу дуулах газар, Хөххотын Олон улсын эмнэлгийн хорооны салбар... гээд хүний хэрэгцээний бүхүй л зүйлийг бүтээн цогцлоож эхэлсэн, ихэнхийг нэгэнт амжуулсан байна. Хорио цээрийн албан газраа "Дундад улсын хижиг байцаах газар” гэж нэрлэсэн монгол бичигтэй хаяг пайзаар таниулжээ. Энд монголоос хил нэвтрүүлдэг үндсэн нэрийн түүхий эд буюу чулуун нүүрс, зэсийн баяжмал, ноолуур зэргийн бүтэц бүрдэл, химийн шинж чанарыг нарийн тогтоодог орчин үеийн технологи бүхүй лабораторийг байгуулан хэдийнэ ажиллуулж байдаг ажээ.

Уг лабораторийн гурван ч давхар барилгын өрөө тасалгаануудаар биднийг танилцуулж явах үест, нэгэн цонхон дээр мэргэжил нэгтнүүд шавж, зураг сүүдэр татаж байсан нь тэртээ хойно, монголын нутгаас бидний байгаа хүртэл барагцаалбал арваад км-ийн зайд үл тасалдсан бараан цуваа хөвөрч байх нь Тавантолгойн ордоос нүүрс ачсан монгол жолооч нарын машин тэрэгний их хөсөг байлаа. Бид Ганц модны боомтод ирсэн даруй дээр дурдсан нүүрсний машины цувааг хэсэг зуур харан, тэдний хэрхэн эмх журам, дэс дараатайгаар хилийн дээс алхаж буйг ажиглан, нэг үе харамсан, нөгөө үе бахдан зогссоныг нуух юун. Бараг арван секунд тутам нэг машин боомтын шалган нэвтрүүлэх баазаар өнгөрч, хоёр эгнээ замаар уухиран цуварч явдаг байна. Боомт 2009 онд, өдөрт нүүрсний дөрвөн зуун машин нэвтрүүлэх хүчин чадалтай байсан бол өнөөдөр тав дахин нэмэгдүүлж амжжээ. Барьж байгуулсан тосон замаа гамнахын үүднээс одоо эдгээр машины даацыг хяналттай болгож, ачааны хэмжээг ойролцоогоор далан тонноор хязгаарлаж өгчээ. Машин бүхэн ачсан нүүрсээ ногоон даавуун бүтээлгээр эмх цэгтэй хамгаалсан байх хийгээд Тавантолгойн ордоос ачаа авахын өмнө болон ачсаны дараа, Ганц модонд хүлээлгэж буулгасны дараа ч тухай бүр жинлэдэг нь асгаж гээгдэх, зам зай бохирлох асуудлаас бүрмөсөн ангижруулжээ. Яг одоо боомтоор өдөрт, хамгийн багадаа долоо найман зуу, ихдээ мянган машин нүүрс эх орноо эгнэгт орхин бусдын нутагт одож байна гээд бод. Энэ баримт бол Тавантолгой орд зогсонги үедээн байгаа эдүгээ цагийн хэмжээ шүү. Өдөрт хил гарч буй тэдгээр мянган машины бүхээгт мянган монгол жолооч ажиллаж, наанадаж өрх бүлийнхээ халуун зуурын амь зуулгыг залгуулан, цаанадаж улс орныхоо эдийн засагт тав арван төгрөг наалдуулж буйг бодохоор, ажил мөнгө хоёр хомсдсон эдүгээгийн монголд бахдууштай ч юм шиг.

Тавантолгойн орд газар бол зургаан тэрбум дөрвөн зуун сая тонн нүүрстэй. Үүний нэг тэрбум найман зуун сая тонн нь коксжих нүүрс, үлдсэн дөрвөн тэрбум зургаан зуун сая тонн нь эрчим хүчний буюу үнс хүхэр багатай, арвин илчлэгтэй дэлхийд ховор нүүрс билээ. Хүндэт уншигч та, өдөрт найман зуугаас мянган машин гардгаар тооцон, нэг машинд дунджаар жаран таваас далан тонн ачдагаар хэмжээлэн, "яндаж болдоггүй далай шиг баян” эх орны минь эргэж хэзээ ч нөхөгдөхгүй эрдэнэс баялаг нэг хоногтоо хэдий хэр дундарч буйг баримжаалаад үзээрэй л дээ...

Дээрх тооцоо чухлаас гадна, түүний үр дүн нь манайд ямраар тусдагийг багцаалах нь монгол түмэнд маань бас сонирхолтой сэдвийн нэг байх нь дамжиггүй. Эдийн засагт, улс оронд гэж мэргэжлийнхний нь урдуур орж том тооцоо ярихаас илүүтэй тэнд ажиллаж байгаа монгол тээвэрчид маань яаж шүү аж төрж, хэрхэн цалинждаг нь давын өмнө сэтгэл гижигднэм билээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлүүлэх ажлыг хятадын компаниуд эрхэлдэг. Ерөнхийдөө маш олон компани буй. Өмнө нь нүүрс тээвэрт хятад монгол жолооч нарын аль аль нь явдаг байсан бол одоо зөвхөн монголын тээвэрчид хятад эзэнтэй машинаар, нэг удаагийн тээвэртээ нэг мянган юаны хөлсөөр ажилладаг ажээ. Үүнийгээ жолооч нар "Уртын урт рейс” гэдэг. Харин жолооч нарын хэллэгээр "Богинын рейс” буюу Цагаан хаднаас /Хилийн боомтоос дотогш хориод км/ Ганц модны хооронд нүүрс тээвэрлэхэд нэг удаад найман зуун юаны хөлс авдаг байна. Уншигч танд бас, нэг жолооч долоо хоногтоо дунджаар хоёр удаа тээвэрт явна гэж тооцон, юаны одоогийн ханшаар үржүүлэн, сард хэчнээн төгрөгийн орлоготой ажилладгийг мэдэх бололцоог ийнхүү олж өглөө гэдэгтээ итгэж байнам.

Жолооч нар маань Тавантолгойн уурхайгаас ачаагаан ачуулан хоёр зуун жар шахам км /урьд нь дан шороогоор явдаг басан бол одоо хатуу хучилттай/ зам туулан, өглөө эрт ачаа авсан жолооч оочер дугаар багатайхан байвал өдөртөө Ганц модонд хүрч нүүрсээ буулгаж амждаг. Сайн явбал долоо хоногт гурав, сардаа долоогоос есөн удаа, хэр тааруухан бол гарагтаа нэг удаа тээврийн эргэлтээ амжуулж байдаг гэнэ. Зүдүүхэн буй эх орныхоо хаа нэгтээгээс амьдрал бэдэн цуглаж, ар гэр, халуун зуурын хүмүүсээ орхиод энд ирж, өдөр шөнийн ялгалгүй зүтгэлэн, том бараан машинаараа гэр хийж явах хэдэн бор жолооч нарын маань ахуй амьдрал нэг иймэрхүү дүртэй ажгуу. 

Ганц модны хилийн наана цаана нүүрс ачсан том машины цуваа ээлжээ хүлээн цуваа үүсгэхээс гадна Оюутолгойн орд газрас олборлосон зэсийн баяжмалыг том цагаан уутнаа савлан тээвэрлэсэн тусгай машинуууд цөөхөн боловч дугаарласантай, амин хувийн хэргээр урд хөршдөө зорьж буй, аанай оросын болон наран, гуулин улсын янз бүрийн тэрэг хөлөглөсөн монгол иргэд цөөвтөр тааралдана. Зэсийн баяжмал ачсан машин нь өдөртөө нэг зуун дөч шахам гардаг ажээ.

            Ганц модны боомт манай улсын Гашуун сухайтын боомттой айл зэргэлдээ юм. Энд Хятад-Монголын хилийн 703-р тэмдэгт боомтоос хэдхэн алхмын зайд байдаг. Биднийг тийш зориудлан аваачиж хилийн тэмдэгт үзүүлэв. Хилийн баганын тэг дөрвөлжин суурийн гадуур гинжин хамгаалалт татаж чанд хориг тавьдаг. Гинжин дээснээс хойш сөөмийн төдий ч хэтэрч хэнбугай ч гишгих нь байтугай өнгийж харах эрхгүй. Зоосны хоёр тал шиг хилийн баганын нөгөөхөн нүүрэнд нь туурга тусгаар Монгол Улсын маань дархан хил буй. Түүний дээр жигүүрт хүлэгтэй төрийн сүлд маань даллан мандаж буй. Тиймээс урд улс хөрш хойд улсынхаа хилийг ийнхүү чанд сахин хамгаалж байдаг ажгуу.

Ганц модны боомтын тосгонд монголд хамааралтай зүйлс цөөнгүй. Ихэнхийг нь дээр нэгэнт тоочиж өнгөрсөн билээ. Хятадын нутаг дээр гэвч монголын маань үүрэн утасны сүлжээнүүд "амь орж”, гар утаснууд дуугаран, нэг их хол аялсан, гэрээ санасан улс шиг монгол сэтгүүлч нар маань хүн тус бүр хань бүл, үр хүүхэдтэйгээ хэл авалцаж, Монголын хамгийн дулаан газар Ханбогдод бидний явсан хойгуур цас орсон тухай дуулж, Улаанбаатараас хамгийн ойр хятадын хуурай газрын хилийн боомт атал монголоосоо биш, өмнөд хөршийн хилээр тойрон орж ирээд, гадаад явсан мөртөл монголдоо эргэж ороод хэдэн цаг саатахуй аятайхан нь аргагүй байв шүү.

Олон улсын гэгдэж буй, хоёр орны хүүхдүүд нас хүйс, хэл усны ялгаваргүй холилдон суудаг бага сургууль-цэцэрлэгийн цогцолборт нь бид нэлээд саатсан. Монголын нүүрс тээвэрлэгч жолооч нарын хүүхдүүд аав ээжээсээ холдох, сургууль завсардах магадлал ихтэй болсон тул тэд хүүхдүүдээ энд сургадаг болжээ. Хүүхдүүд ямар нэг хэмжээгээр монгол боловсролоо заалгаж, залгаж байна. Хажуугаар нь хятад хэл үзнэ. Улаанбаатараас хоёр монгол багш зориудлан залсан учраас монгол хэл бичгээ ч сурч, сэргээж л байна. Үр дүнд нь өвөрлөгч нар шиг хятад, монгол хэл бичигтэй хүүхдүүд төгсөх нь тэдний ирэх цагийн боловсролын суурь, ирээдүйд аав нар шигээ "хар нүүрсчид” болчихгүйн нэг дархлаа бүлгээ.

Шинэ Ордос хот. Ганц модноос эгэн хил гарч, Халиутад дахин хоноглоод бид ирсэн замаараа, сурсан дуугаа нэг хэсэг аялаад, Бугат хотоос өрнө зүг салж довтолгон энд буудаллавай. Мэдээж, амарч зугаалж яваа бус тул "Боомт сурвалжлах” албан ажил маань буухиалан үргэлжлэх нь лав. Шинэ Ордос хотын боомт бол мөн л агаарынх. Нисэхээр завдан бүхүй тэнгэрийн хөлөг-бүргэд шувуун дүртэй гоёмсог нислэгийн буудлыг энд 2013 онд ашиглалтад хүлээлгэн өгчээ. Боомтын нислэгийн үйлчилгээний гол танхим нь нүүдэлчин үндэстний өргөө гэрийн хэлбэртэй томоохон дугуй танхим буй. Манайхаар бол Бөхийн өргөөтэй төрх төлөв ойр, баганагүй, "оосор бүчгүй” ордон. Монгол нутгийн билгийн улирлын цаг тооллыг бэлгэдсэн хорин дөрвөн унийг дугуй ордны урт налуу дээвэрт нарны сацраг лугаа адил зохиомжлон гаргаж, оройд тооно-цонх үүдхэж, доод тотго этгээдээр нь хятадын тэргүүлэх уран зураачдын нэг Ү Юүэ Ши-гийн эзэн богд Чингис хааны намтар цадиг, ертөнц дахиныг эрхшээн, хаадын хаан болж, эзэнт гүрэн байгуулсан бодит түүхэн сэдэвт уран зургаар чимэглэсэн нь ертөнц дахиныг эрхэндээ хураасан их хаанаараа бахдан бахархах, монголоо хэмээх омогшлыг улам ч дэврээх ажээ.

Олон улсын зэрэглэлийн эл нисэх боомтын цогцолбор нь дөрвөн одтой буудлын ангилалд хамаардаг байна. Боомтын үйлчилгээний иж бүрдлийг бидэнд ээлж дараалан, нэгийг ч хойш үл талбин, тайлбарлан таниулсан. Хоёр орны сэтгүүлчдийг Ордос хотын боомтынхон онгоцоор нисгэхээс бусдыг бүрэн гүйцээлээ гэж болох юм.

Монгол бол суу алдарт их Чингис хааны төрж өссөн өлгий нутаг. Тэнд хүрч үзэх сэн гэсэн эрмэлзэлтэй хүн Өмнөд Монголд, тэр дундаа хээнцэр ганган Шинэ Ордос хотноо тун ч олон байдаг. Тиймээс аялан жуулчлагчдынхаа хүсэл эгээрлийг үндэслэн 2017 оноос Ордос хот Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болохоор тус нисэх боомтын удирдлага шийдвэрлэн бэлтгэл ажлаа хангаж байгаа юм билээ.

Эх нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлэхийн өмнө бид, Ордост ирсэн монгол хүн бүхний заавал гүйцэлдүүлдэг нэг ёс төр буюу Чингис хааны онгон шүтээний тайлга тахилын цогцолборт зочлох завшааныг талаар өнгөрүүлэхээс татгалзсангүй. Их хааны онгон бол асар их сэтгэл зүтгэл, хөрөнгө хүчээр үүдхэн бүтээж, төдийгөөс өдий хүргэн ариглан хамгаалж, алдалгүй авч үлдэж /цагийн бэрхэд, одоогийн энэ гол бөмбөгөр ордон нь давсны агуулах хүртэл болж байсан, өнөө хэр батжуулан баяжуулж буй өмнөд гүрний төдийгүй дэлхийн түүх соёлын, түүний дотроос хаадын онгон шүтээнийхээ хувьд энэ дэлхийн хамгийн том цогцолбор болж нэгэнт чаджээ.Чингис хааны онгоныг хүн төрөлхтний соёлын өвд бүртгүүлэхээр зохих баримт магадлагааг  бүрдүүлж, эрх бүхүй газарт өргөн мэдүүлээд шийд хүлээн байгаа ажгуу.

Онгон шүтээний цогцолборын алтан багана бүхүй гол ордны дотор зураг дүрс буулгахыг чанд хямгадаж тэвчин, их хааны алтан шуумал хөргийн өмнө бүгд сөгдөн сууж, тэнгэрийн өнгөт хадаг хив дэлхэн барьж, нэр усаа дурадхан, эзэн хааны сүлд сүнсэнд даатгал өргөж, дархад иргэний айлтгал өчлийг чимээ үл гарган сонслоо. Дараа нь хүн тус бүрд, хааны таалал хүртсэний бэлгэдэл болгож нэжгээд удаа хундагатай сархдаар хэшиг барьдаг. Монгол хүн бүр, энд ирсэн үр сад бүхэн нь их хааныхаа алтадмал хөргийн өмнө ийнхүү тэргүүн мэхийн, өвдөг бохирон хүндлэл хайллаа үлдээдэг биз. Эл ёслол зочлол бүхэн улиран давтагдавч, энэ цагт хамтшин ажиллаж, аялан туулж бүхүй бидний бүрэлдэхүүн эндээ дахин хэзээ ч эргэж цуглахгүй билээ. Үүгээр л сэтгэл долгилж, түүхийг баримтжуулагч, мэдээлэгч, сан хөмрөг бүтээгч сэтгүүлчид аяны олз омгоо бэлгэшээж, учир утгын нь мөнийг хэлэлцэж явлаа. Чингис хааны онгон шүтээний цогцолборт биднийг зочлох үес хөтөч тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэж таарсан н. Мөчир хэмээх залуу охиныг хүн бүр бахдан магтаж билээ. Тэрбээр Шилийн гол аймгийн уугуул ажээ. Онгоныг эрт дээрээс амь мэт сахин хамгаалж өдий хүрсэн бүлэг иргэн буюу Дархад угсааныхан гэж хэн болох, их хааныхаа түүх домог, онгон шүтээнийг үүтгэсэн өв баримт, хожуу үеийн бүтээн байгуулалт... гээд үүнийг л асуух сан гэж сэтгэлд харвангуут, мэдэрсэн юм шиг бэлхнээ дуржигнуулах түүний мэдлэг ухаан, чадал чадварыг нутаг нэгт сэтгүүлч нөхөд маань зүй ёсоор үнэлж байсныг яахин эс дурдаж түвдэх буюу.

Боомт сурвалжлах үүрэгтэй, эв хамтын, бүтэн гаргийн аялал маань ийнхүү өндөрлөхөд хүрлээ. Бид үнэхээр л "Нэг зам”-ыг олуулаан туулж, хоёр мянга таван зуу гаруй бээрийн аяны хүзүүг эвхжээ. Нэг "коридор”-оор итгэлтэй алхалж, нэг бүс болж чадахад монголын маань аху орчин хэрхэн тэнцдэг бол гэсэн зовнил нутаг нэгтэн сэтгүүлчдэд маань бодлын хөндүүр болж үлдсэн юм биш биз. Өвөр Монгол ахан дүүс бол өмнөд хөршийн мөнхийн хаалга юм. Энэ босго хаалга үргэлж нээлттэй байж, тэд маань биднийг урьж залж, хамтдаа хөгжиж, харилцан ашигтай, найрсаг байхыг сануулсаар л...

Тэднээсээ сурах, тунгаах зүйл даанч олон юм даа. Наад зах нь мод тарьж сурмаар. Суулгасан модоо булаад мартах бус амьдруулж, хотоо, хөгжлөө түүгээрээ гоёж тодорхойлдог соёлыг нь авмаар. Эрээнээс нь эхлүүлэн муулсаар суутал урд улс маань хэн болж өөрдсөнийг бодитой харъя. Манайд бол "шингэн мөр үздэг”, хогоо хаядаг цэг шахам байдаг гүүрэн доорх шарилж шивээлсэн багахан зайг хүртэл цэцэрлэгжүүлээд өөриймсгөөр арчлан цэмцийлгэх чармайлттай сэтгэлийг нь хүндэлмээр.

Залхууралгүй, гутралгүй, уйгагүй, нэгэн санаагаар хөдөлмөрлөн, хүн бүр бүтээж чадаж буй араншинг нь дуураймаар л...