Улаанбаатар, Эрээн хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

 Улаанбаатар, Эрээн хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Сүн Хунляньтай уулзлаа.

Хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Сүн Хунлянь "Эрээн хот Улаанбаатар хоттой олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн. Цаашид ч энэ харилцаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилд ялангуяа аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэхээр зорьж байна. Үүн дээр Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн дэмжиж ажиллахыг хүсч байна” гэлээ.

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Хоёр хотын хувьд бие биенийхээ хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн. Таны хэлсэнчлэн аялал жуулчлалын салбарт зайлшгүй хамтарч ажиллах хотууд гэж үзэж байна. Зөвхөн аялал жуулчлал биш боловсрол, соёл урлаг, жижиг дунд үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой.” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.