Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хот 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Тус хот Даланхар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд байдаг. Бээжингээс 500 км, Эрээн хотоос 490 км зайтай. Сайхан, Юй Чуан, Хотон, Шинэ хот хэмээх 4 дүүрэг, Түмэд зүүн хошуу, Ү Чуан, Хорин гэр, Чин Шүйхэ, Тогтох 5 хошуу сян, Чинчуан хэмээх улсын хэмжээний аж ахуйн нээлттэй бүстэй. Хөх хотыг 1581 онд Түмэдийн Алтан хан, түүний хатан Юнгэн нар байгуулж Хөх хот хэмээн нэрийджээ. Шинэ хотыг Чин улсын Найралт төв хааны үед 1735 онд байгуулсан юм. Хожим шинэ, хуучин хотыг нийлүүлжээ. Хөх хот орчмын нутгийг эртний түүх, дурсгалын өлгий, 500 мянган жилийн өмнөх Да Яаогийн соёлын голомт хэмээн үздэг.
Хөх хот 1949 оны 9 сарын 19-нд БНХАУ-ын бүрэлдэхүүнд орж түүнээс хойш хотыг шинээр бүтээн байгуулах ажил үйлс төлөвлөгөөтэй хийгдсээр иржээ. Хөх хотод Өвөр Монголын АТИХ-ын байнгын хороо, Улс Төрийн Зөвлөл, Ардын Засгийн Газар байдаг Өвөр Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны төв юм.
Уур амьсгал сэрүүн хуурай, далайн төвшнөөс 1050 метр өндөр. Жилийн дөрвөн улиралтай боловч өвөл эрс хүйтэрдэггүй, зун хэт халдаггүй. Уул уурхай, ашигт малтмалаар баялаг, шохой, нүүрсний үйлдвэр олон. Хотын бүсийн хэмжээнд 3 сая шахам хүн амтай. Хүн амын дийлэнх нь хятад үндэстэн. Үндэстний цөөнх монгол, манж, хотон зэрэг 36 үндэстний 270 мянган хүнээс 200 мянга нь монгол үндэстэн. Хөх хот Хятадад эдийн засгийн хөгжлөөр дөрөвт, санхүүгийн орлогоор 7-д ордог. Хөх хот олон том үйлдвэртэй. Өвөр Монголыг төдийгүй БНХАУ, Зүүн Өмнөд Азийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг "Или", "Мон милк" зэрэг үндэсний хэмжээний том үйлдвэрүүд бий.
Хөх хот нь "Алтан гурвалжин”-гийн нэг тулгуур юм. Хөх хот, Ордос, Бугат хотын эдийн засгийн хамтын ажиллагааг "Алтан гурвалжин" хэмээх бөгөөд үйлдвэрийг төрөлжүүлж брэнд гаргах, Өвөр Монголын дунд, баруун бүсийг хөгжүүлэх зорилготой, Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн "зүтгүүр" юм. Энэ гурван хот хөгжлийн хэлбэрээ өөрчилж, бэрхшээлийг хамтран шийдвэрлэж, эдийн засаг, нийгмийг хоршоолон улам хурдтай хөгжүүлж байна. Алтан гурвалжин Өвөр Монголын нийт эдийн засгийн 53 хувь, орлогын 51 хувийг бүрдүүлдэг.
Хөх хотод Өвөр Монголын шинэ музей, Синьхуа талбай, Рү И усан оргилуур, Цагаан суварга, Далан хар уулын Тайвэй спорт амралтын цогцолбор, Ляо улсын цагаан суварга, Улаанхүүгийн музей, Ихзуу, Ширээтзуу хийд, Жао Жюнь хатны музейн цогцолбор Или, Монмилк үйлдвэрийн парк, Хар ус амралт, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн зэрэг жуулчдын сонирхлыг татах газар бий. Хятадын төдийгүй дэлхийд нэртэй брэндийн барааг Үндэсний Их Дэлгүүр, Виктория, Ванда, Ванфүжин, Тянь Юань зэрэг томоохон дэлгүүрт худалдана. Хөх хотын эмнэлгүүд оношлогоо, эмчилгээ сайтай, орчин үеийн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, уламжлалт хятад эм, эмнэлгийг монгол эм эмнэлэгтэй хослуулдгаараа онцлогтой.
1991 оны 12 сард Улаанбаатар, Хөх хотын хооронд "Найрамдалт хотын харилцаа тогтоох тухай" хэлэлцээр байгуулснаас хойш хоёр хотын хооронд харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр ирлээ. Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас өөр гадаад орны дипломат төлөөлөгчийн газар одоогоор байхгүй байна.
Бугат хот
Өвөр Монголын баруун хэсгийн Бугат хот хойгуураа Монгол Улстай хил залгаж, өмнүүрээ Хатан гол, зүүн, баруун талаараа Түмэдийн их тал, Бор тохойн талтай зах нийлнэ. Хотын төв хэсгээр Монь уул хөндөлсөнө. Бугат хотын нутагт Хатан голын Сувдан арал бий. Бугатын цаг уур сэрүүн, жилийн дулааны хэмжээ дунджаар 4-6 хэм. Бугатыг болд төмрийн хот гэдэг. Баян-Овоогийн төмрийн үйлдвэрээс гадна төрөл бүрийн химийн органик бодисоор баяжуулсан төмрийн үйлдвэр, химийн үйлдвэр олон бий. Тухайлбал, ган хайлуулж цутгах үйлдвэр, хөнгөн цагаан, газрын ховор элементийн 1, 2, 3 дугаар үйлдвэр, химийн 1, 2, 3, 4-р үйлдвэр, цахилгаан, машин, соронзон материал, ачаа өргөх машин, цавуу, нэхмэл, ургамлын тосны үйлдвэр бий.
Бугат хот байгалийн баялаг ихтэй. 1 тэрбум 700 сая тонн нүүрс, 100 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй. Дэлхийн ховор элементийн нөөцийн 62 хувь, Хятадын 87 хувь нь Бугатад байдаг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 27 мянга 800 ам дөрвөлжин км. 2 сая 496 мянган хүн амтай, монгол, хятад, хотон зэрэг 43 үндэстэн амьдардаг. Хөндлөн, Чин шань буюу Хөх уул, Дунхэ буюу Зүүн гол, Жи Үен 4 дүүрэгтэй. Сүүлийн үед Бугат хотод гадаад дотоодын аялал жуулчлал ихээхэн хөгжиж байна.
Ухай хот
Ухай хот өмнүүрээ Ордосын өндөрлөг, Хатан голын дунд байдаг 2 арлын бүсэд, баруун талаараа Алшаа, баруун өмнө талаараа Нинся, хойгуураа Бор тохойн усалгааны системтэй зах нийлнэ. 17 мянга 540 ам дөрвөлжин км газар нутаг, 500 мянган хүн амтай. Монгол, хотон, хятад зэрэг 26 үндэстэнтэй. Ухай хот Хайрав тохой, Уда, Хайнань 3 сяньтай. Хүн амын 50 хувь нь Хайнань дүүрэгт оршин сууна. Нүүрсээр баялаг тул нүүрсний олон уурхай ажилладаг. Ухайд аялал жуулчлал нэлээд хөгжсөн бөгөөд дэлхийд нэртэй 3 том жуулчны бааз бий. Тухайлбал, Ширээт уулын хадны зурагт газар, мөнх ногоон модтой жуулчны бааз, Азид нэртэй 1 метр диаметр, 40 метр урт чулуужсан модноос тогтсон нүхэн агуйн дэргэдэх амралтын газар бий.
Ухайд ашигт малтмалын 37 төрөл байдгаас 3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Коксжих нүүрс элбэг, хүнд үйлдвэрийн төв юм. Цемент, коксжих нүүрс, Дианши чүлууны үйлдвэр, эрчим хүчний 3 том үйлдвэртэй. Мөн монгол эмийн үйлдвэр, батлан хамгаалах зориулалттай сумны үйлдвэр бий. Түүнээс гадна коксжих нүүрсний үйлдвэрийн түүхий эдийг төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлж, ган хайлуулдаг. Ухайн эрчим хүчний үйлдвэр Бээжин хотыг цахилгаанаар бүрэн хангадаг, улсын хэмжээний 3 том үйлдвэрийн нэг юм. Ухай хотод хүнд аж үйлдвэрийн томоохон их сургууль бий.
Ордос хот
Ордос хот Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт, Хятадын таван өндөрлөгийн нэг Ордосын өндөрлөгт оршдог. Их зуу аймаг байсныг 2005 оноос Ордос хот хэмээн нэрлэжээ. Хотон үндэстний Өөртөө Засах Орон, Алшаа, Баяннуур, Бугат, Хөх хот, Улаанцав, Шаньши, Шааньши мужтай зах нийлнэ. Далайн төвшнөөс 1000-1400 метр өргөгдсөн. Хатан гол Ордосын нутагт 860 км урсдаг. Хур тунадас бага, хуурай уур амьсгалтай. Жилийн дундаж дулаан 9-10 хэм. 87 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 2 сая гаруй хүн амтай. Дун шэн хэмээх 1 дүүрэг, Далад, Хангин, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Отог, Отгийн Өмнөд 7 хошуу, "Чингисийн онгон" түүх соёлын цогцолбортой.
Ордос мал аж ахуй голлосон, байгалийн уудам бэлчээртэй. Нарийн ноост хонь, Аравсын ноолуурын чиглэлийн цагаан ямаа, Хархүү хонины суурь, Үүшин адуу зэрэг сайн үүлдрийн мал өсгөнө. Ордосын өндөрлөгийн зүүн өмнө, Хатан голын эрэг дагуу үргэлжлэх хэдэн арван км газарт нүүрсний асар их нөөц бий. Ашигт малтмалын 50 нэр төрлийн уурхайтай. Нүүрсний нөөц 763 тэрбум тонн буюу дэлхийн бүх нүүрсний зургааны нэг нь Ордост байдаг. Зүүнгарын нүүрсний ордын онцлог нь, давхарга зузаан, хуулах өнгөн хөрс нимгэн, олборлоход хялбар. Жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой, 26 тэрбум тонн нөөцтэй.
Хятадын сүүлийн 20 жилд нээсэн 5 том ил уурхайн 4 нь Өвөр Монголд бий. Тухайлбал, Зүүн гарын, Хуулин голын, Имэн голын, Юань Баошаний орд юм. Алмаз, алт, давс, хужир, маншо, каолин, шохойн чулуу, гөлтгөний нөөц ихтэй тул Ордост нүүрс, хими, эрчим хүч, ноос ноолуур, машин механизм, барилгын материал, арьс шир, сахар, эм, шаазан ваар, хүнсний үйлдвэр олон бий. Ордосын "Хуагун" химийн корпорац, ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд алдартай. Ордос хот улсын төмөр замын 2 том төв шугам, засмал замын өргөн сүлжээтэй.
Тунляо хот
Тунляо бол хуучин Жирэм аймаг бөгөөд нийт 60 мянган ам дөрвөлжин км газар нутагтай. Нутгийн хойд хэсгээр шигүү ой хөвчтэй, том, жижиг 43 гол мөрний эх булаг дээр оршдог. Гол мөрөн, нуураас жилд 5000 тонн загас агнана. Өвөр Монголын хэмжээнд хамгийн олон хүн амтай. 23 үндэстний 3 сая гаруй хүн амын 42.3 хувь нь монгол үндэстэн бөгөөд БНХАУ-ын монгол үндэстний 25.7 хувь нь Тунляогийн монголчууд юм. Тунляо хот Хүрээ, Найман, Жарууд, Хорчин баруун гарын дунд, Хорчин зүүн гарын хойд 5 хошуутай. Бээжингээс 836 км, Хөх хотоос 1480 км зайтай.
Тунляо шохойн чулуу, нефть, ховор шороо, төмөр, цайр, гууль, зэс, нүүрсээр баялаг. Хуулин голын уурхай 129 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус хотын шохойн чулууг Тань минши, Хуй Ян хэмээх химийн 2 үйлдвэр ашигладаг. Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн электрон тоног төхөөрөмж, компьютерийн эд анги, тийрэлтэт онгоцны түлшинд хэрэглэнэ. Тунляогийн Гүжяо чүдэнзний үйлдвэр жилд 20 тонн пролиний уусмалт шивтэрт хүчил, архины 2-р үйлдвэр архинаас гадна жилд 42000 тонн багсармал тэжээл үйлдвэрлэдэг.
Хөлөнбуйр хот
Өвөр Монголын зүүн хойд хэсгийн Хөлөнбуйр хот 253 мянган ам дөрвөлжин км газар нутагтай. Баруун, баруун хойд, хойд талаараа Монгол улстай 676 км, ОХУ-тай 1048 км газраар хил залгана. Хотын нутаг дэвсгэрт Бага Хянганы нуруу бий. Хөлөнбуйр олон гол мөрөнтэй, загас элбэг. БНХАУ-ын хэмжээнд онгон тансаг байгальтай 20 нутгийн нэг, Хятадын аялал жуулчлалын 6 том төвийн нэг. Хөлөнбуйрт монгол, хятад, дагуур, эвенх, орчоон зэрэг олон үндэстэн аж төрдөг. Хөлөнбуйр шууд харьяа Манжуур, Хайлаар, Якши, Залан айл, Эргүнэ зэрэг дагавар хот, Шинэ Барга баруун, Шинэ Барга зүүн, Хуучин Барга гурван хошуутай. Дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, мал аж ахуйн орон юм. Хайлаар хотын ойролцоох хотгор 20 ам дөрвөлжин км газар 20 сая тонн сайн чанарын нефтийн нөөцтэй. Нүүрс төрөгчийн хийн 10 тэрбум шоо метр нөөцийг тогтоожээ. Хөлөнбуйрт 50 гаруй нүүрсний уурхай ажилладаг.
Улаанхад хот
Улаанхад хотын хуучин нэр Зуу-Уд аймаг юм. Зүүн хойд Ингийн голын хөвөөнд холоос хүрэн улаан харагддаг жонштой нүцгэн хадтай тул ийнхүү нэрийджээ. Улаанхад хот баруун өмнө, баруун талаараа Хэбэй муж, баруун хойгуураа Шилийнгол, зүүн талаараа Тунляо хот, Ляонин мужтай зах нийлнэ. 90021 ам дөрвөлжин км газар нутагтай, далайн төвшнөөс 2000 шахам метр өндөр. Жижиг дов толгод олон, говь нутгийн онцлогтой. 500 мянган хүн амтай, хүн амын 19 хувь нь монгол үндэстэн. Хуншань, Суншань, Янбошань 3 дүүрэгтэй, Ар Хорчин, Баруун, Зүүн Баарин, Хишигтэн, Оннууд, Харчин, Ухань 7 хошуутай. Харчин, Ухань хошуу газар тариалан, бусад хошуу мал аж ахуй эрхэлнэ. Дэд бүтэц сайн хөгжсөн, Тяньжин, Бээжин хот, бусад мужийг холбосон засмал замын сүлжээтэй.
Улаанцав хот
Энэ хотыг ан цав бүхий улаан шороотой газар барьсан учир "Улаанцав” хэмээн нэрийджээ. Хойд талаараа Монгол улстай 190.81 км газраар хил залгаж, зүүн хойгуураа Шилийнгол, зүүн, зүүн өмнө, өмнө талаараа Хэбэй, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Ордос, Хөх хоттой зах нийлнэ. Улаанцав 84 мянга 700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, далайн төвшнөөс дээш 2000 метр өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас ихтэй. 3 сая шахам хүн амын 60 мянга нь монгол үндэстэн. Цахар баруун гарын дунд, хойд, өмнөд, дөрвөд 4 хошуу, 8 сяньтай. Улаан буудай, юмэй гурил, амтат төмс тариалж ургамлын тос их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Мал аж ахуй хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр олон. 69 төрлийн ашигт малтмалтай, эрчим хүч, төмөр, нүүрс, барилгын арматур, хими, мах, арьс шир, хивс үйлдвэрлэдэг.
Баяннуур хот
Баяннуур Өвөр Монголын баруун бүсийн төв бөгөөд хойд талаараа Монгол улстай хил залгаж, баруун талаараа Алшаа аймаг, өмнө талаараа Хатан гол, Ордос хот, зүүн талаараа Бугат хоттой зах нийлнэ. Хилийн шугамын урт 369 км, хилийн дагуу байнгын ажиллагаатай Ганц модны боомттой. Баяннуур хотын онцлог бол говь хээрийн бүсэд байрлах хэрнээ уул ус хосолсон үзэсгэлэнт байгаль, ундны усны 8 сая шоо метр нөөцтэй. Хатан гол энэ нутгаар 340 км урсдаг. 64 мянган ам дөрвөлжин км газар нутаг, 2 сая шахам хүн амтай. Уул уурхай, ашигт малтмал, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн. Бортохойн газар тариалангийн суурин буудай, ургамлын тос, чихрийн луувангийн сан юм. Хатан голын дагуу 13 мянган га талбайд аварга том усалгааны системтэй. Наранцэцэг, буурцаг, амтат гуа, алим их тарьдаг. Ашигт малтмал ихтэй. Ялангуяа алт, үнэт чулуу, нүүрс, төмөр, зэс, цайр, хөнгөн цагааны орд элбэг. Баяннуур хот газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн баялагтаа тулгуурлан эрчимтэй хөгжиж байна.
Д.Гүнтөмөр