Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахинд хандан "Нэг бүс нэг зам”, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулъя” зэрэг санаачилга дэвшүүлж, ”БНХАУ ганцаараа хөгжихийг хүсэхгүй, харин хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжихийг хүсэж байна”, "Танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллахад бэлэн байна”, "Улс орнууд Хятадын хөгжлийн хурдан галт тэрэгт суухыг урья" хэмээн олонтоо уриалсан билээ. Тэрээр: Эдийн засаг даяаршиж буй өнөө үед хүчтэй нь хүчгүйгээ дарлаж, ялагч нь бүхнийг авдаг зам мухардаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх зам улам дардан болж байна хэмээн онцолж байлаа.
5-10-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспог зохион байгуулж байна. Экспод 172 улс, үүнд Их хорь, БРИКС, ШХАБ-ын гишүүнд, Торгоны зам дагуу 58 улс, хөгжлөөр тааруу 35 орон оролцож байгаа юм. Мөн гадаад дотоодын 3600 компани оролцож байгаагийн 200 гаруй нь дэлхийн топ 500-д багтсан бизнесийн салбарын манлайлагчид, түүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй мянган бизнесмен үзэсгэлэн яармагийг зорьж ирээд байна.
Энэ бол Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлсний 40 жилийн ойд зориулж Ши Жиньпиний санаачилж, төлөвлөсөн, импортоор гол сэдэв болгосон, үндэсний хэмжээний дэлхийн анхны экспо юм. Тус экспогийн нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, Хятад улсын хөгжлийн боломжийг ашиглан, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжихийг уриалаад: Ирэх 5 жилд Хятад улс 80 их наяд ам.долларын бүтээгдэхүүн импортолж, 600 тэрбум ам.долларын дүнтэй гадаадын хөрөнгө оруулалт татан, гадаадад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Хятад улс энэ экспог жил бүр зохион байгуулах ба олон улсын үйлдвэрлэгч, экспортлогчдод Хятадын зах зээлийг нээх индэр болгохын төлөө хичээж ажиллана гэжээ.