Умард Хятадын амтат хоолнууд

Бээжин хот болон Шаньдун, Хэбэй, Шаньши, Өвөр Монгол болон зүүн хойд нутгийн мужууд энэ бүсэд хамаарна. Ер нь Дунбэй буюу зүүн хойд нутгийн хоолнууд энэ бүс нутаг дотроо голлох байр суурийг эзэлнэ. Энэ нутаг зундаа халуун, өвөлдөө хүйтэн эрс тэрс уур амьсгалтай тул хоолны амт нь хурц, давсархаг шинжтэй байна. Голдуу шарж жигнэсэн тахиа, нугас, галуу, хонь, загас болон дүүпүү хэрэглэнэ. Үндсэн хоолны материал нь мах ногоо юм. Амтлагч нь бобын соус, жан, цуу болон элсэн чихэр. Мөн саримсны хурц хүчтэй үнэр амт болон сонгино их хэрэглэж амт оруулдаг.

Энэ бүс нутагт Хятадын хамгийн шилдэг сортын улаан буудайг тариалдаг тул гурилан бүтээгдэхүүнээрээ Хятад улс дотороо тэргүүлдэг. Энэ нутгаас та Монголдоо иддэг булочка, гурилтай шөл, банш, бууз, хуушуур, бин идэж болно. Гэвч нутгийн хоолны урлагыг дагаад амт үнэр нь өөр.

floor soup.jpg

Хятад тогооч таны өмнө гурил бэлтгэхдээ маш урлагтайгаар эргэлдэн бүжиглэж, гурилаа сунгаад эгшин зуур илбийн юм шиг амтат гурилтай хоолыг өмнө тавина. Тэнд сууж байгаа хүмүүсийг харахад яг л барны тайчигч охидыг харж байгаа мэт алмайран гайхан харж байгаа нь сонин.

jiaozi03.jpg

Энэ нутгийн ард түмэн баяр ёслол болон гэр бүлийнхээ баярын өдөр банш (Jiǎozi 饺子) их чанадаг. Банш чанана гэдэг их цаг хугацаа шаардсан ажил боловч энэ нь тухайн гэр бүлийн эзэгтэйн хамгийн их дуртай ажлын нэг. Өөрөөр хэлбэл гэрийн эзэгтэйн хайр энхрийлэлээ баншинд боож шингээдэг гэж Хятад эрчүүд ярьдаг. Иймд айлын эзэгтэйг баншных нь амтаар таньдаг ёс ч зарим нутагт байдаг. Яг л манай Монголчууд цайных нь амтаар эхнэр хүнийг үнэлдэг шиг.

Хятад эмэгтэйчүүд баншиийг татсан гахайн мах, байцаа, өндөг, саримс, хар мөөг зэрэг олон янзаар хийдэг.

xinjiang22.jpg

Мөн түүнчлэн Умард Хятадад "Аугаа их Торгоны зам”-ыг дагаад мусульманы нөлөө их хүчтэй түрэн орж ирсэн. Зун болохоор энэ нутгийн хотуудад гадаа хонин махан шорлог хийж, хүйтэн пиво уух нь элбэг.

Мөн "Халуун тогоо” (Huǒguō 火锅) гэдэг их нэртэй хоол байдаг. Монголын их цэргийн хээрийн хоол байсан энэ хоолыг арай орчин үеийн хэлбэрт оруулсан хувилбар юм.

Аян дайнд явж байхдаа төмөр дуулгандаа ус буцалгаад борц хийгээд иддэг байсан Монгол цэргүүдийн хоолыг Хятад иргэн овжин ашиглаж шинэ төрлийн үйлчилгээг нээсэн нь гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татаад зогсохгүй Нутгийн Хятад хүмүүсийн амтархан иддэг хоолны нэг болсон байна. Энэ хоолыг Эрээн хотоос эхлээд Өвөр Монгол, Бээжинд амархан олж идэж болно.

huoguo03.jpg

Захиалагч төрөл бүрийн бэлэн ногоо, нимгэн зорж хэрчсэн махыг өмнөө байгаа халуун тогоонд хийж чанана. Хоолны бүх амтлагч ногоо мах нь түүхийгээрээ ширээн дээр байх бөгөөд хүмүүс өөр өөрийнхөө хүсэл сонирхолоор хоолныхоо мах ногооны орц жорыг тохируулан иддэг болохоор энэ хоолноос идсэн хүмүүс хэзээ ч сэтгэл дундуур байдаггүй. Учир нь өөрөө өөртөө тогооч болчихдог болохоор өөрийнхөө хийсэн хоолыг хэн ч амтархан таашаадаг шүү дээ.

Цөөрмийн загас бол энэ нутгийн гол эрхэлдэг аж ахуйн нэг юм. Цөөрмөөс барьсан амьд загасаар хоол хийнэ гэдэг хамгийн шинэ мах идэж байна гэсэн үг. Хоолоо захиалахаас өмнө та аль загасыг идэхээ зааж өгнө. Тогооч таны нүдэн дээр заасан загасыг чинь шүүж аваад амтат хоол бэлтгэнэ.

Бээжин нугас бол Бээжингийн хамгийн алдартай хоол юм. Хааны ордны хамгийн их нэр хүндтэй зоогийн нэг байсан энэ хоолыг зөвхөн тайж язгууртнаас дээш хэргэмтэн иддэг байжээ. Дээдсийн зоог болсон энэ хоолыг Бээжингийн ресторануудад идэж болно. Улаанбаатарт ч гэсэн энэ хоолыг хийдэг тусгай ресторан байдаг. Өд сөдийг нь зумласан нугасны мах, арьстайгаа нийлэхээр үнэхээр амттай. Энэ хоолны хачирт нь сонгино, өргөст хэмх, амтат сүүмс оруулж өгнө. Эдүгээ Хятад тогооч нар өөр өөрийнхөө нарийн урлагийг шингээн улам төгс төгөлдөр хоол болгож чаджээ.

Умард Хятадын шилдэг хоолнууд

1. Хаврын сонгинотой үхрийн мах (Qīngcōng niúròu juàn 青蔥牛肉卷) – Энэ хоолыг үхрийн мах, сонгинотой хийх бөгөөд амтат сүүмс, элсэн чихэр, кунжутын цөцгийн тосоор амтлан хийнэ.

Qingcong niurou juan.jpg

2. Байцааны ороомог (Jièmò báicài 芥末白菜) – Хятад байцааг гичийн тосоор амтлан ороогоод жигнэж бэлтгэнэ. Бүх төрлийн хоолны хачир болгон идэхэд тохиромжтой тул хамгийн их борлуулт сайтай хоолны нэг болдог. Гичийн тосоор амталсан энэ байцаагаа идэж байгаа Хятад хүнийг харахаар яг л кимчи идэж байгаа Солонгос хүн шиг харагдана.

Орос оронд горчицы идээд сурчихсан хүнд бол салахын аргагүй амтат хоол.

jiemo baicai01.jpg

3. Шавар вааранд болгосон гахайн мах (guanrou) – Гахайн утсан мах, дотор мах зэргийг шавар вааранд хийж зөөлөн гал дээр болгоно. Дараа нь жангаар амтлан өнгийг нь хүрэн болгож өгнө. Амт гэж ванлий.

guanru.jpg

4. Татаж сунгасан гурилтай шөл (Chēn miàn 抻面) – Гараараа татаж сунгасан гурилыг төрөл бүрийн шөлөнд чанаж өгнө. Шөлийг жигнэсэн үхэр, гахайн махаар хийх бөгөөд давсалсан ногоо, дэгдээхэйн мах, халуун чинжүүгээр амтална. Хүний нутагт гурилтай хоолоо санах юм бол энэ хоолноос нэг аягыг аваад идэхэд ээжийн гарын хоолыг идсэн мэт таашаал хүртэнэ.

chenmian02.jpg

5. Монголын Халуун тогоо (Huǒguō 火锅) – Монгол цэргийн хээрийн хоол бөгөөд өөрийнхөө хүсэл сонирхолоор орц жороо тааруулдаг өвөрмөц төрлийн хоол юм.

Энэ хоолонд өөрийн гэсэн орц жор гэж байдаггүй. Хүн шөлөө юугаар амтлах нь түүний л сонирхол. Мах, ногоо, гурил, будаа, пүнтүүз, загас, хавч, далайн ногоо жимс гээд л маш олон төрлийн бүтээгдэхүүн найруулж болох бөгөөд шөл нь хүртэл олон янз байна. Тийм болохоор хамгийн олон найрлагатай, хэнд ч таашаал өгч чаддаг тул бүх хоолны хамгийн дээд оргил гэж хэлж болно. Хоол болгон өөрийн жортой байдаг бол энэ хоол шиг олон жортой хоол өөр хаана ч байхгүй.

huoguo1.jpg

6. «Мушю» гахайн мах (Mù xū ròu 木须肉) – Хятадын олон газар энэ хоолыг нутаг нутгийн онцлогтой хийдэг. Үндсэндээ умард нутгаас гаралтай тул Бээжингийн Мушю гахайн мах хамгийн алдартай нь юм.

muxurou 木须肉.jpg

Хэрчсэн гахайн мах хар мөөг болон модны мөөг болон сүүмсээр хачирлах бөгөөд бинтэй дагуулж өгнө. Зарим нутагт мантуутай өгдөг. Гахайн махыг бин болон мантуунд ороож идэх нь яг л Европ Америкийн сендвич, гамбургер идэж байгаа мэт санагддаг тул Монголчуудад их таалагддаг.

7. Бээжин нугас (Běijīng kǎoyā 北京烤鸭) – Хамгийн алдартай Бээжин хоол. Энэ хоолыг идэж үзээгүй хүн Бээжингийн хамгийн амтат хоолыг мэдрээгүй буцлаа гэж хэлнэ. Ялангуяа махсаг Монгол хүнд бол идэж үздэг л хоолны нэг.

chinafood01.jpg

Шинэхэн нялх сонгины ааг, өргөст хэмх, амтат хүрэн жан, гурилан бин нугасны махтай нийлэхээрээ хичнээн их амттай бөгөөд үл мартагдах таашаал үлдээдэг. Өвөл болохоор Монгол эр айргаа нэхэн санагалздаг шиг "Бээжин нугас идэх юмсан” гэсэн бодол нутагтаа буцахад чинь хааяа төрөх нь дамжиггүй.

8. Өндөгтэй улаан лооль (Fānqié chǎo dàn 番茄炒蛋) – хамгийн энгийн хоол. Умард нутгийн хүмүүстэй хамт зоогийн газрын ширээнд сууж байхад энэ хоолыг заавал захиална. Ажиглаж байхад хамгийн түрүүн хоосордог таваг энэ хоолных байдаг. Учир нь бусад бүх хоолны хачир болгон хэрэглэдэг бөгөөд өндөг улаан лооль хоёрын амт нийлэхээрээ салахын аргагүй. Дангаар тавагтай нь бариад идчихмээр санагдана.

fanqiechaodan.JPG

9. Шандуны мөрөг загас (Shāndōng táng cù lǐ yú 山东糖醋鲤鱼) – Хүчтэй гал дээр шарсан мөрөг загасыг цуу, элсэн чихрээр амтлана. Хамгийн хүндэт зочиндоо барьдаг бүхэл хоолны нэг юм.

Shandong tangcu yu01.jpg

Монголчууд хүндэт зочиндоо хонь гаргаж гэдэсний халуун шөл уулгадагтэй яг адил. Шилэн тавцантай эргэдэг ширээний тавцанг эргүүлэхэд түүн дээр тавьсан мөрөг загасны толгой хэний чигт харж зогсох вэ? гэдгийг Хятад хүмүүс аз хардаг. Яг л мөнгөтэй бууз ноогдсон юм шиг хэн нэгэнд нь энэ аз тохиох нь лавтай.

10. Шингэн будаа (Dou Zhi/ 豆汁)

Бээжингийн хамгийн нэртэй хөнгөн хоол бол шингэн будаа (Dòuzhī 豆汁) болно. Mung Bean хэмээх нэгэн төрлийн буурцагнаас гаргаж авсан сүүн бүтээгдэхүүн бөгөөд хамгийн хурдан гүйлгээтэй хоол юм. Үнсэн саарал өнгөтэй бөгөөд манайхны давсгүй зутан цай шиг амттай. Үнэрийг нь зүйрлүүлж ойлгуулахад бэрх. Анх ууж байгаа бол ялимгүй элсэн чихэр хийгээд уухад зүгээр. Дасаад ирвэл дангаар нь уувал бүр сайн.

Mung Bean001.jpg

Ходоод гэдсэнд ямар нэгэн ачаалал өгөлгүйгээр маш их тэжээлийн бодис өгдөг тул "Залуужуулах ундаа” гэж хэлж болно. Өглөө бүр энэ сүүг ууж байвал та эрүүл сайхан бие зүстэй болно.

Мянгаад жилийн тэртээгээс Хятад хүмүүсийн Эрүүл мэндийн ундаа болон ирсэн бөгөөд цагаан хоол иддэг хүмүүсийн цорын ганц шим тэжээлт хоол нь юм. Түүний найрлаганд витамин С болон уураг их хэмжээгээр агуулагддаг бөгөөд зуны халуун өдөр уухад бие хөнгөрөх шиг болно. Хятад шанцайтай хамт хэрэглэхэд тохиромжтой.

11. Буурцагны соустай Бээжин шпагет (Zha Jiang Mian/ 炸酱面)

Буурцагны соустай Бээжин шпагет бол заавал идэж үзэх хоолны нэг юм. Итали шпагетийг бодвол Гурилаа гараар татаж хийдэг тул арай ориг тал руугаа.

Zha Jiang Mian.jpg

Нарийн хэрчсэн гахайн хатаасан махыг өтгөн хүрэн соустай хольж, гараар сунгаж татсан гурилтай жигнэж болгоно. Хөнгөн чанартай энэ хоолыг ихэнхи ресторан зоогийн газруудад хийх бөгөөд Бээжингийн айлуудын өдөр бүр хийдэг хоолны нэг юм. Манайхан өдөр бүр цуйван иддэг шиг. Дээд зэргийн амтат гурилаар хийх ба зарим ресторанууд энэ хоолны жорыг ялимгүй өөрчлөн ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн оруулж, амт үнэрийг нь өөрчилсөн байдаг. Энэ хоол анх Хятадаас гаралтай боловч Солонгосчууд маш сайхан хийдэг тул зарим хүмүүс Солонгос хоол гэж ойлгодог.

Zha Jiang Mian 01.jpg

Зураг дээр: Буурцагны соустай Бээжин шпагет (Zhá jiàng miàn 炸酱面)

Хятадад энэ хоолыг янз бүрээр хийдэг боловч, бүгд л адилхан Zha Jiang Mian гэдэг нэртэй. Тэр ч бүү хэл жан соуснаасаа хамаарч, үнэр амт өөр өөр байхаас гадна шөлтэй, шөлгүй гэж бас байдаг. Солонгосчуудын Ja jang myeon нь арай хүрэндүү өнгөтэй харагдах бөгөөд амтаараа оргиналь Zha jiang mian-аас эрс өөр.