Хятадын нөлөө бүхий удирдагчийг шалгаж эхэллээ

 

 

Хятадын Аюулгүй байдлын албаны дарга асан 72 настай Жоу Юнканыг (Zhou Yongkang) мөрдөн байцаах ажил эхэллээ гэж Xinhua мэдээлж байна. Түүнийг "Сахилга батын ноцтой зөрчил гаргасан” хэмээн буруутгаж байгаа бөгөөд ийм заалт нь ихэвчлэн авлигын хэрэгт хамаардаг гэж Agence France-Presse тайлбарлажээ. Мөрдөн байцаалтыг Хятадын коммунист нам /ХКН/-ын Сахилга дэг журмын Төв комисс явуулах ба ойрын үед түүнийг баривчлагдаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

2012 онд Аюулгүйн албаны даргаас чөлөөлөгдсөн Жоу Юнкан нь Хятадын Коммунист намын нөлөө бүхий хүн гэгддэг аж. Түүнийг мөн авлигын хэргээр яллагдсан улстөрч Бо Силайн холбоотон гэж үздэг.  

 

ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн эсрэг бараг дөчөөд жилийн турш хууль хяналтын байгууллага нь хэрэг үүсгэж байгаагүй билээ. Жоу Юнкан Аюулгүй байдлын албыг толгойлж байсны хувьд авлигын хэрэгт мөрдөгдөж байгаа хамгийн том дарга нарын нэг болж байна.

 

Жоу Юнкан 2003-2007 онд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайдаар, 2007-2012 онд ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр ажилласан ба энэ хугацаанд Аюулгүй байдлын алба болон шүүхийг  хариуцдаг байжээ.