ИНКОТЕРМС 2000 ба 2010 ДҮРМҮҮДИЙН ҮНДСЭН ЯЛГАА
Инкотермс 2000 дүрэм нь E,F,C,D гэсэн үндсэн 4 бүлэг болон 13 нөхцөлтэй байсан. Дээрх нөхцлүүдээс D бүлгийн (DAF, DES, DEQ, DDU ) цаашид хэрэглэгдэхгүй болсноор Инкотермс 2010 дүрмээр DAT, DAP нөхцлүүд шинээр бий болгосон. Инкотермс 2010 дүрэмд ороогүй DAF нөхцлийг далайд гарцгүй улс орнууд, хил залгаа улс орнууд худалдааны практикт өргөн ашиглаж байсан. Монгол улс далайд гарцгүй, далайн боомт хотгүй тул DAF нөхцлийг гэрээндээ түлхүү хэрэглэдэг. Мөн гаалийн татвар хураамж тооцохдоо DAF үнийг суурь болгон ашиглах нь олонтоо байдаг.
Энэ нөхцлөөр худалдагчаас худалдан авагчид ачаа барааг нэрлэсэн хилийн цэг дээр худалдагчаас худалдан авагчид шилжүүлэх ба нэрлэсэн хилийн цэг нь экспортын хилийн цэг байхаар заадаг. Талууд өөрийн орны нутаг дэвсгэр дээгүүр гарах аливаа зардал, эрсдлийг тус тусдаа хариуцах үүрэг хүлээдэг. Харин DES, DEQ нөхцлүүдийг зөвхөн далайн болон дотооодын усан замын тээвэрт хэрэглэж, худалдагч нь нэрлэсэн тохиролцсон боомт хүртэлх бүх зардлыг хариуцна. Нэрлэж тохиролцсон боомт нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байдаг.
DDU нөхцөл нь DAF нөхцөлтэй төстэй боловч нэрлэсэн хүлээлгэж өгөх газар нь худалдан авагчийн нутаг дэвсгэрт худалдан авагчийн нэрлэсэн цэг байдаг. Худалдан авагч нь импортын гаалийн бүрдүүлэлтээс бусад үүргийг хариуцахгүй. Дээрх нөхцлүүдийн дагуу талууд өөрт ногдох зардал эрсдлүүдийг хариуцах бөгөөд эрсдлийг худалдагч илүүтэй үүрдэг.
Худалдааны баримт бичгүүдийн давхардлыг арилгах, цаасны зардлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Инкотермс 2010 дүрмээр цахим хэлбэрийн бичиг баримтыг хэрэглэх боломжийг нээсэн.
Түүнчлэн даатгалын асуудалд даатгалын институтээс санал болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. DAT буюу Delivered AT Terminal (Терминал дээр хүлээлгэж өгөх) нөхцөл шинээр бий болсноор ачаа барааг терминал дээр хадгалах болон түүнтэй холбоотой бусад үүрэг хариуцлагын тухай нарийн заавар, зөвлөмжүүд орсон.
Инкотермс 2010 дүрмээр 2 бүлэг (бүх төрлийн тээвэрт, Усан замын тээвэрт) 11 нөхцөл (EXW, FCA, FOB, FAS, CFR, CIF, CIP, DAT, DAP, DDP) тэй байхаар өөрчлөлт тус тус оржээ.
ИНКОТЕРМСИЙН НӨХЦӨЛҮҮД
EXW-EX WORKS – Худалдагч талын ганц үүрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн үйлдвэр дотор хүлээлгэн өгөх ба бусад бүх үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.
EXW үнэ гэдэгт 1-рт худалдан авч байгаа барааг үйлдвэрлэсэн зардал, 2-рт сав баглаа боодлын зардал, 3-рт талууд тохиролцсон бол бараа бүтээгдэхүүнийг шалгахтай холбоотой зардал зэргийг тооцно.
FCA-FREE CARRIER - Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хүлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба үүнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийш хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.
FCA үнэ гэдэгт 1-рт EXW үнэ, 2-рт үндсэн тээвэрлэгчид барааг хүргэх зардал, 3-рт экспортын гаалийн үзлэгийн зардал, 4-рт экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхэд гарах зардал зэргийг тооцно.
CPT-CARRIAGE PAID TO- Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хүртэлх бараа таваартай холбоотой бүх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
CPT үнэ гэдэгт FCA (үнэ) болон үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.
CIP-CARRIAGE AND INSURANCE PAID TO- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хүлээх ба үүн дээр нэмж дараагийн боомт хүртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
CIP үнэ гэдэгт 1-рт CPT үнэ, 2-рт даатгалын зардал зэргийг тооцно.
DAT-Delivered AT TERMINAL-Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
DAT үнэ гэдэгт 1-рт EXW үнэ, 2-рт тээврийн зардал, 3-рт экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал, 4-рт ачиж, буулгах зардал зэргийг тооцно.
DAP-Delivered AT PLACE- Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийн хэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.
DAP үнэ гэдэгт 1-рт EXW үнэ, 2-рт тээврийн зардал, 3-рт экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал, 4-рт ачих зардал зэргийг тооцно.
DDP-Delivered DUTY PAID- Энд худалдагч тал нь бараа таваар үйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хүлээлгэн өгөх хүртэл гарах бүх зардлыг хариуцна.
DDP үнэ гэдэгт 1-рт DAT үнэ, 2-рт импортын лиценз авах зардал, 3-рт импорттой холбоотой бүх гаалийн ажиллагааны зардал зэргийг тооцно.
ДАЛАЙН БА ДОТООДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ
FAS-FREE ALONGSIDE SHIP- Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хүргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр барааг шилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.
FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддаг ба FCA үнийг тооцно.
FOB-FREE ON BOARD- Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бүх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бүх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.
FOB үнэ гэдэгт 1-рт FAS үнэ, 2-рт усан онгоцонд ачих зардал зэргийг тооцно.
CFR-COST AND FREIGHT- Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хүртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бүх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хүлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илүү зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.
CFR үнэ гэдэгт 1-рт FOB үнэ, 2-рт үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.
CIF-COST INSURANCE AND FREIGHT- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хүлээх ба үүн дээр нэмж дараагийн боомт хүртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
CIF үнэ гэдэгт 1-рт CFR үнэ, 2-рт далайн даатгалын зардал зэргийг тооцно.