Энэ сарын 10 өдөр Хятадын «Жэньминь жибао» сонины онлайн хуудаст ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатай тус улсын «Zoje Resources Investment» корпорацийн охин компани «Хуаэ Синьбан» түрээслэхээр болсон талаар бичжээ. Ингэхдээ нэг га газрыг жилийн 250 рублиэр, 49 жилийн турш нийт 176 сая юаниар түрээслэх ажээ. Үүний зэрэгцээ Өвөр Байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм байна.
Өвөр Байгаль муж
Хятад улс газар түрээслэн хүнсний ногоо, ургамал, буудай тариалах энэхүү төсөл нь хоёр үе шаттай бөгөөд эхний үе шат нь 2015-2018 онд хэрэгжих гэнэ. Хэрэв амжилттай хэрэгжвэл цаашид дахин 200 мянган га талбайг түрээслэх гэрээг байгуулах ажээ. «Хуаэ Синьбан» компанийн захирал Ли Дэмин Хятадын «Хуанцю Шибао» сонинд өгсөн ярилцлагадаа "115 мянган га газрын хөрсийг боловсруулахад дор хаяж 2000-3000 хүн хэрэгтэй. Гэтэл Өвөр Байгальд ажиллах хүч алга. Тиймээс Хятадаас хүмүүс ажиллах хүч авна" хэмээн дурджээ.
Өвөр Байгаль мужийн газрын зураг
Тус бүс нутагт болон Алс Дорнод, Сибирийн бүсд газар түрээслэж авахаар АНУ, БНАСАУ, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улс идэвхтэй өрсөлдөж байгаа ажээ.