Монгол Улс энэ жил 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд
үүний тодорхой хэмжээний нүүрсийг БНХАУ-тай хийсэн "Чалко”-гийн гэрээний
өрөнд экспортлох ёстой. "Чалко”-гийн өрийг энэ зундаа, зургадугаар сард
амжиж дуусгах тухай Уул уурхайн яамнаас мэдээлж байсан. Гэтэл өрийн
экспортыг хийх "Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн үед нүүрсний экспортоо
зогсоож, тэг зогсолт хийж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсууриас тодрууллаа.
-Хятад руу гаргах нүүрсний экспорт зогссон гэж үнэн үү?
-Хятад
руу гаргах нүүрсний экспортыг хийж байгаа. Хоногт дунджаар 150 машин
буюу 10-15 мянган тонн нүүрс экспортолж байна. Гэхдээ зах зээл ямар
байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Зах зээл хүнд байгаа энэ үед Хятад
хүртэл авсан нүүрсээ өөрсдөө баяжуулж худалдахад хүндрэлтэй болсон.
Хэдий тийм боловч боломжийн хэрээр нүүрсээ нийлүүлэхийг хичээн ажиллаж
байна. Он гарснаас хойш 800 орчим мянган тонн нүүрс экспортолсон.
-"Чалко”-гийн гэрээний өр одоо хэд орчим сая ам.доллар үлдсэн бэ?
-Одоогийн байдлаар 130 гаруй сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээсээ нүүрс экспортолж хассаар байна.
-Өрийг зургадугаар сард амжиж дуусгана гэж хэлж байсан. Энэ биеллээ олох болов уу?
-Зургадугаар сард дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.