Урд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин
Монголд айлчилж, сайн хөршийн харилцаагаа улам бататгахын хамтаар
Монголыг томоохон өрөнд оруулах амлалт өгчихжээ. Энэ талаар Монгол
Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар
хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрбээр "БНХАУ-аас төрийн
тэргүүнийхээ айлчлалаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд
чиглэсэн нэлээд олон хөнгөлөлттэй зээл боломжуудыг амлалаа. Ирэх гурван
жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болж
байна. Үүнийг манай Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх боломжтой. Манай талд энэ хөрөнгийг ойрын
хугацаанд авч хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд үлдэж байна.
Дээр
нь бид нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн сувгийг нээлээ. Мөн
Хятадын тал их хэмжээний арилжааны зээлийг авч ашиглах асуудлыг нээлттэй
авч үзнэ гэдгээ зарласан” гэжээ. Мөн өчигдөр Уул уурхайн яамнаас
зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "БНХАУ-ын
даргын айлчлалын хүрээнд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гурванж
илийн хугацаанд олгох, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу
худалдан авалт хийх боломжийг олгохоор болсон. Уул уурхайн яамны хүрээнд
эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг хийж, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх,
хэрэгжилтийг хангах, арга хэмжээний төлөвлөгөө гаргах, бодлого хөтөлбөр
боловсруулахдаа ашиглаж ашиглах шийдвэр гаргаж ажиллаж байна" гэсэн юм.
Си Зиньпиний айлчлалын өмнө манай улс Хятадаас их хэмжээний зээл авах
гэж байна гэх мэдээлэл гарч байсан. Харин албаны хүмүүс энэ талаар ямар
нэгэн мэдэгдэл хийгээгүй. Мөн айлчлалын үеэр ч бас ирэх тэдэн жилд
тийм, ийм хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор болсон тухай
мэдээлэл гараагүй. Хоёр улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах
гэрээний хүрээнд 162 сая ам.долларын хөнгөлөлттэй арилжааны зээл авахаар
болсон. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны шугамаар Хятадын Эдийн засгийн
хөгжлийн яамнаас 300 сая юанийн буцалтгүй тусламж олгосон байсан.
Түүнчлэн 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао
айлчлах үеэр гарын үсэг зурсан 500 сая ам.долларын буцалтгүй тусламжийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг нарийвчлан тодорхойлсон байгаа.
Тэгвэл БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар "Манай улс тэрбум
ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээсэн” хэмээжээ. Өөрөөр хэлбэл,
ирэх гурван жилийн хугацаанд манай улс урд хөршөөсөө тэрбум гаруй
ам.доллар зээлэх нь. БНХАУ-ын төрийн өндөр төвшний айлчлалуудын хүрээнд
томоохон хэмжээний зээл, буцалтгүй тусламжууд байнга олгогддог. Дөрвөн
жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд айлчлах үеэрээ 500
сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 50 сая юанийн буцалтгүй тусламж
олгохоор болсон. Харин энэ удаад ямар ч байсан 300 сая юанийн буцалтгүй
тусламж олгож байна. Цаашдаа ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 300
сая юанийн буцалтгүй тусламж олгох аж. Эхний ээлжийн 300 сая юанийн
буцалтгүй тусламжийг ЭЗХЯ-ны хүрээнд байгуулсан баримт бичгээр шийдсэн
байгаа.
Ямартай ч энэ мэтээр БНХАУ-аас манай улсад олгох хөнгөлөлттэй зээл,
буцалтгүй тусламжийн мөнгөн дүн нэмэгдсээр байна. Нэг талаас хоёр улсын
эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа ч нөгаа
талаас энэ их өр, зээл хойноосоо юуг дагуулах вэ гэх болгоомжлол байгаа
нь нууц биш юм.
Дашрамд дурьдахад өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас олгосон тусламж,
хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод томоохон бүтээн байгуулалтыг
өрнүүлсээр ирсэн. Тодруулбал, 40-50 мянгатын барилгууд, нийслэлийн
автозамын бүтээн байгуулалтыг хийж байсан. Мөн сүүлд олгосон буцалтгүй
тусламжаар Буянт-Ухаа спорт цогцолборыг барьсан билээ.
Л.Дэлгэр