Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес
уулзалт Улаанбаатар хотноо өчигдөр боллоо. Хоёр улсын агаарын тээврийн
болон аялал жуулчлалын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан
уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 14 тур оператор, Монголын талаас 69
тур оператор, зочид буудлын төлөөлөл оролцсон байна. Уулзалтаар яригдсан
гол асуудлын нэг нь БНХАУ-ын томоохон хотуудад аялж буй гуравдагч орны
жуулчдыг шууд нислэг, авто болон төмөр замаар холбогдож буй Улаанбаатар
хотод аялуулах, үүний тулд хамтарсан сурталчилгаа, аяллын хөтөлбөр
маршрут гаргах явдал байжээ.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар Монголыг зорин ирсэн
нийт аялагчдын 34 хувь БНХАУ руу, 12,7 хувь нь ОХУ руу, 7,8 хувь нь
БНСУ руу аялах сонирхолтойгоо илэрхийлж байжээ. Энэ нь нэг аяллаараа
БНХАУ, Монгол, ОХУ гэсэн чиглэлийг олонх жуулчид сонгож буй одоогийн
нөхцөлд хөрш орнуудтай өрсөлдөх бус хамтран ажиллах нь үр дүнд хүргэж
болохыг харуулсан дүн юм байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт
жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь
нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлжээ. "Найрсаг Улаанбаатар”
зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал
жуулчлалын харилцаагаа өргөжүүлэх, бизнес ажил хэргийн жуулчлалыг
нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. БНХАУ-ын хувьд аялал
жуулчлалын салбараас 2013 онд 241,8 тэрбум ам.долларын ашиг олсон бол
2014 онд тус улсад аялах жуулчдын тоо 2,4 хувиар өсч 57,205 саяд хүрэх
төлөвтэй байгаа юм байна.